Ялагдал ялалтын эхлэл байдаг

Хуучирсан мэдээ: 2011.09.01-нд нийтлэгдсэн

Ялагдал ялалтын эхлэл байдаг

“Х.Цагаанбаатараа, чи зодог тайл.
Дэвжээний алчуур, новш…”. Бээжингийн олимпийн дараа яг ийм муухай
сэтгэгдлүүдийг интернетээс хангалттай их харж байлаа. Ер нь хүмүүс
ингэдэг л дээ. Сая болсон жүдогийн дэлхийн аваргын үеэр news.mn сайтад
оруулсан мэдээ бүрийн дор олимпийн аварга Н.Түвшинбаярыг, дэлхийн аварга
Х.Цагаанбаатарыг, за тэгээд бусад бүх тамирчдаа хэлэх, хэлэхгүй үгээр
дайрсан “ба ба” сэтгэгдлүүд зөндөө байлаа. Тэр байтугай Ч.Насантогтох
багшид, холбооны ерөнхийлөгч Х.Баттулгад хүртэл интернетээр “агсан
тавьжээ”. Х.Баттулга гишүүнийг “Наад хэдэн жүдочдоо аваад зайл” гэж
цамнасан байна лээ. Зарим хэвлэлүүд ч тамирчдынхаа талаар үнэхээр
гомдмоор үгс чулуудаж амжив.

 Манайхныг ийм зан л их муухай харагдуулдаг. Өөдгүй, увайгүй, өнгөрснөө
мартдаг зан нь. Бээжингийн олимпийн дараа хүнийг сэтгэл санаагаар үхтэл
нь “занчиж” байсан улс дараа жил нь дэлхийн аваргаас алтан медаль аваад
ирэхэд тойрч гүйлдээд, бялдууч үг үер шиг урсгаад ямар “гоё” байсан
гээч. Мэдээж интернэтээр дүүрэн “Х.Цагаанбаатар бол гайхамшиг…” гээд л
дан магтаалын үг. Магтах сайхан л даа. Шүүмжлэл ч бас байх хэрэгтэй.
Гэхдээ бидний ихэнх нь магтаж, мандуулж байсан хүнээ хайр найргүй матдаг
муухай улс юм. Өнөөдөр “Тэр бол ясны тамирчин” гэж байснаа маргааш нь
“Шалны алчуур” гэж хэнэгч үгүй хэлж чаддаг. Сүүлийн үед тамирчид руу
чиглэсэн энэ матаас арай ч дэндүү хэрээс хэтэрч байна. 

Дэлхийн аваргад оролцсон жүдочид өчигдөр буцаж ирсэн. Амжилт гаргаагүй
ирсэн тамирчдад, дасгалжуулагчдад, холбооныхонд, Спорт хорооныхонд
тэмцээний дараах энэ өдрүүд хамгийн хүнд байгаа. Ялагдалд дуртай хүн
байхгүй ч ялагдалтай хамт байх нь заримдаа хамгийн чухал байдаг. 

Жүдо бөхийн үндэсний шигшээ баг бол Монголын спортыг сүүлийн хэдэн жил
ухралтгүй чирж яваа хамт олон. Ийм хэмжээний бүрэлдэхүүнтэй баг гаргаж
ирэхийн тулд маш олон хүн чин сэтгэлээсээ хөдөлмөрлөдөг. Хүмүүс жүдочдын
амжилтыг мартчихсан бол санах хэрэгтэй.

2000 оны олимпиос медальгүй үлдсэн Монголын спортын түүхийг 2004 оны
Афины олимпиос 20-хон настайдаа медаль хүртсэн Х.Цагаанбаатарын амжилт
аварч байлаа. Монголчууд 1964 онд олимпод оролцож эхэлсэн цагаасаа алтан
медаль мөрөөддөг байлаа. Тэр мөрөөдлийг 24 настай жүдоч Н.Түвшинбаяр 44
жилийн дараа биелүүлсэн. Энэ хоёр амжилтыг монголчууд бараг цээжээрээ
мэднэ. Үүн дээр нэмээд жүдо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс
Монгол Улс түүхэндээ зургаахан медаль авсан байдгийг тогтоочих
хэрэгтэй.

1. О.Балжинням: 1989 оны ДАШТ-ээс мөнгөн медаль
2. Д.Баттулга:  1989 оны ДАШТ-ээс хүрэл медаль
3. Х.Эрдэнэт-Од:  2005 оны ДАШТ-ээс хүрэл медаль
4.Х.Цагаанбаатар: 2009 оны ДАШТ-ээс алтан медаль
5.М.Бундмаа: 2010 оны ДАШТ-ээс хүрэл медаль
6. Х.Цагаанбаатар: 2010 оны ДАШТ-ээс хүрэл медаль

Нэг алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл. Нийлээд зургаа…Энэ зургаагийн хоёрыг
нь 80 оны сүүлээр, дөрвийг нь 2000 он гарсаар авчээ. 2005 оноос хойш
Дэлхийн аваргын медальгүй байсан жүдочид 2009 онд Х.Цагаанбаатар жиндээ
түрүүлснээр анх удаагаа ДЭЛХИЙН АВАРГА-тай болсон. Дөч гаруй жилийн
түүхтэй Монголын жүдо бөх Дэлхийн дэвжээнээс хүртсэн зургаан медальтай
байхад түүний дөрвийг нь 2005-2010 оны хугацаанд авч, тэгэхдээ нэг хүн
хоёр медалийг нь жил дараалан хүртсэн байгааг та бид харж байна.

Бээжингийн олимпийн наадмаас Монгол Улсад анхны олимпийн аварга төрүүлж
өгсөн жүдочид 2008 оны олимпиос өнөөдрийг хүртэлх хугацаанд “Дэлхийн
цом”, “Их дуулга”, Азийн аварга, Азийн наадам, “Мастерс”, Дэлхийн аварга
гээд медальгүй ирсэн нэг ч том тэмцээн байгаагүй.  Бүр нарийвчилбал,
Монголын жүдо бөхийн насанд хүрэгчид, залуучууд, өсвөр үеийн шигшээ
багийн тамирчид Олон улсын жүдо бөхийн холбооны / IJF/ календарчилсан
төлөвлөгөөнд багтсан ДАШТ, “Дэлхийн цом”, “Их дуулга”, тивийн АШТ,
Тивийн наадам зэрэг /А зэрэглэлийн гэж хэлж болно/ томоохон
тэмцээнүүдээс 2009 онд алт 19, мөнгө 25, хүрэл 51 /Нийт 95/, 2010 онд
алт 55, мөнгө 96, хүрэл 214 /Нийт 365/, 2011 он гарсаар алт 10, мөнгө
22, хүрэл 45 /Нийт 77/ медаль хүртээд байна. Гурван жилийн хугацаанд
жүдочид Монгол Улсад 537 медаль авчирчээ гэсэн үг. 

Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр болдог Багийн
ДАШТ-нд эрэгтэй, эмэгтэй 16, нийтдээ шигшиж шалгаруулсан 32 багийг л
сонгон оролцуулдаг дүрэмтэй. Тэгвэл Oлон улсын жүдо бөхийн холбооны
/IJF/ гишүүн орнуудын нээлттэй оролцдог Насанд хүрэгчдийн дэлхийн
аваргад энэ жил 131 орон оролцсон. Тэр 131 орны тамирчдаас Монголын
жүдочид бүтэн багаараа шигшээ 16-д багтаж, шалгуур өндөртэй IJF-д
тоогдоно гэдэг жирийн хэрэг биш ээ.

IJF бол олимпиос олимпийн хооронд хамгийн хурдацтай дүрмээ өөрчилж
байгаа холбоо. Чөлөөт, бокс гээд манайхны сайн өрсөлддөг гол төрлүүдэд
ДАШТ болон зарим олон улсын тэмцээнээсээ амжилт гаргасан тамирчдад
олимпийн эрхийг шууд өгдөг бол  IJF тэгж нэг тэмцээнээс олимпийн эрх
шууд олгодоггүй. Жүдочид олимпийн цикльд явуулж байгаа бүх тэмцээнд
оролцож, гаргасан амжилтынхаа эрэмбээр оноо цуглуулдаг. Тэр оноо нь
жүдочдын Дэлхийн чансаа гэж нэрлэгдэж явсаар олимпийн өмнө чансааны
эхний 22-т бичигдсэн, хамгийн өндөр оноотой жүдочдод олимпийн эрх
олгодог. Одоо энэ чансааны 66 кг-д Х.Цагаанбаатар нэгд, эмэгтэйчүүдийн
52 кг-д М.Бундмаа гуравт гэхчлэн манай шигшээ багийн жүдочид эхний 22-д
жин бүртээ бичигдэж байгаа. Тэмцээн бүрээс чансааны оноо өгдөг, оноо бүр
олимпийн эрхэд нөлөөлдөг энэ систем жүдочдоос нэг ч тэмцээн алгасалгүй
явахыг, аль болох амжилт гаргахыг шаарддаг. Тийм учраас жүдочдод сул
тэмцээн, сул өрсөлдөгч гэж байдаггүй.

Энэ талаас нь бодож үзвэл яг энэ цаг үед шигшээ багийн гал түшиж яваа
тамирчид жүдо бөхөд, Монголын спортод амьд түүх бүтээж яваа залуус юм.
Энэ шигшээд олимпийн аварга байна, энэ багт дэлхийн аварга байна. Энэ
багт бас маш сайн дасгалжуулагчид байгаа. Хамгийн чухал нь энэ хамт
олонд гайхалтай сайн удирдагч байгааг мартаж болохгүй. 

Ний нуугүй хэлэхэд, жүдо бөхийн спортыг суга татан өндийлгөсөн “Женко”
Х.Баттулгын хичээл зүтгэлийг, тэр хүний буулган дор нэгдэж, нягтарч
чадсан нийт жүдочдын асгаруулсан хөлс, авчирсан медалийг нэг тэмцээний
дараа ингэж шавартай хутгаж болохгүй юм. Монголын жүдочид дунд өнөөдөр
дэлхийг чансаагаараа тэргүүлж байгаа Х.Цагаанбаатар байна.  Н.Түвшинбаяр
аварга байна. М.Бундмаа, С.Мияарагчаа, Д.Төмөрхүлэг, С.Ням-Очир,
П.Лхамдэгд нар байна. 

Мэдээж одоо “Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд яагаад төлөв­лөснөөс
сул оролцов” гэдэгт тэднийг дэмжигчид, спортын мэргэжилтнүүд, багш
дасгалжуулагчид дор бүрнээ өөрсдийнхөөрөө дүгнэлт хийх байх. Маш зөв,
үнэн дүгнэлт хийж, алдаагаа яг олж тодорхойлох хэрэгтэй. Бүр цаашлаад
спортод зориулж байгаа бодлогоо төр засгийн хэмжээнд эргэж харах нь
хамгийн чухал. Ялангуяа тэмцээний үндсэн бэлтгэл хийх газрынхаа
газарзүйн байрлалыг судалгааны үндэслэлтэй гаргаж ирэх гэх мэт. Нам дор
газар хийсэн бэлтгэл тамирчдын амжилтад ямар нэгэн байдлаар нөлөөлдгийг
мартаж болохгүй.

Спортыг дэмжих дэмжлэг тэмцээн, уралдааны зардалтай болсноор
шийдэгддэггүйг жүдочдын оролцсон энэ дэлхийн аварга харуулсан байж болох
юм. Шигшээ багийн гишүүд дунд бэртэл, гэмтэлтэй хүн хэд явсныг хэлбэл
захын хүн “Унасан бөхөд шалтаг мундахгүй” гэж хэлэх байх. Тийм үг
байдаг. Гэхдээ бодит амьдрал дээр бол манай спортынхноос, тэр тусмаа
шигшээ багийн тамирчдаас  бэртэл, гэмтэлгүй хүн олж харахад хэцүү
болсныг шуудхан хэлж байгаадаа харамсч байна. Бэртэлтэй тамирчдын нэр,
усыг бичих нь гадны өрсөлдөгчдөд олз болох тул энэ талаар бичихгүй байх
нь зөв гэж боддог маань магадгүй алдаа байж болох юм. Ийм мэдээлэлд
тамирчид өөрсдөө ч эмзэглэдэг. Тэд нар хугарсан хөлөө, цуурсан шагайгаа,
тасарсан шөрмөсөө, мултарсан мөрөө бараг л бор зүрхээрээ эмчлээд
/монголчилж/ тэмцээнээс тэмцээний хооронд барилддаг.

Том хагалгаа, их мөнгө, цаг хугацаа шаардсан эмчилгээтэй бол дараагийн
тэмцээнээ бодоод дорвитой эмчилгээ хийлгэлгүй, хойш нь тавьдаг. Хатуу ч
гэмээр юм уу, үнэн ч гэх юм уу ийм нэг үг байдаг. “Хэдэн төмөр,
хэлхээтэй яс л байна” гэж. Манай нэг алдартай тамирчин мэнд мэдсэн хүнд
ингэж хариулсан юм гэнэ лээ. Тэмцээнээс тэмцээний хооронд морь, мал шиг
зүтгэж байгаа тамирчдын  эрүүл мэнд, спортын амжилтын төлөө анагаах
ухаан, эрдэм шинжилгээний маш том хөрөнгө оруулалт хийхгүйгээр
тамирчдаасаа амжилт нэхнэ гэдэг хэцүү.

Э.Бадар-Ууганыг рингэндээ эргэн ирэх гэж бэртэл гэмтэлтэйгээ яаж тэмцэж
байгааг болдог бол олон хүнд ярьж өгмөөр, бичлэг хийгээд үзүүлмээр
санагддаг. Н.Түвшинбаярын хөл эдгэсэн л гэж бид боддог. Саяхан гадаадад
тэмцээнд явахад нь өвдөж, сандраасан гэж сонссон. Х.Цагаанбаатар
нодлингийн дэлхийн аваргад өрөөсөн гараараа барилдсаар хүрэл авсан.
Жүдогийн С.Ням-Очир өнгөрсөн жилийн дэлхийн аваргын үеэр хугарсан гараа
гадаадад лав эмчлүүлж чадаагүй. Боксчин У.Мөнх-Эрдэнийн голоороо тас
хугарсан эрхий хурааны ясыг манай эмч нар зөрүүлж боогоод л явуулчихаж
байсан. Энэ зөвхөн захын жишээ.
Ар гэр, хувийн амьдрал, тэр байтугай гэрт нь хоол байгаа эсэх тамирчдын
хувьд дандаа хоёрдугаарт тавигддаг. Сонсоод ч итгэмээргүй, өрөвдмөөр,
хайрламаар, тэсвэр тэвчээрийг нь биширмээр амьдрал зөвхөн спортынхонд л
байдаг. Тэд заримдаа яг л РОБОТ шиг байх хэрэгтэй болдог. Гэхдээ
тамирчид робот биш. Хүн л юм чинь алдаа гаргана, ялагдал хүлээнэ.

Яг энэ өдрүүдэд тив тивийн хөнгөн атлетикчид дэлхийн аваргын төлөө
өрсөлдөж байна. Ямайкийн гүйгч, дэлхийн хамгийн хурдан хүн, алдарт Усаин
Болт эрэгтэйчүүдийн 100 метрийн зайн хагас шигшээд тасархай түрүүлсэн
атлаа шигшээ уралдаанд алдаа гаргаж, харамсалтайгаар тэмцээнийг орхисон
мэдээ шуугиан тарьж байна. Хэн ч байсан яг ингэж ялагдал ирдэг. Спортод
ЯЛАГДАЛ байдаг болохоор л ЯЛАЛТ байгуулах боломж оршдог. Шигшээ багийнхаа жүдочдод бид итгэх хэрэгтэй. Учир нь тэд дэлхийн шилдэг тамирчдыг багтаасан, Дэлхийн шилдэг багийнхны нэг.

Б.Бадамгарав

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж