Оюутны үзлэг бизнес үү?

Хуучирсан мэдээ: 2011.09.01-нд нийтлэгдсэн

Оюутны үзлэг бизнес үү?

Манай улсын томоохонд тооцогддог МУБИС, ШУТИС, ХААИС, МУИС, ЭМШУИС-ууд энэ жилээс эхлэн шинээр элссэн оюутнуудаа эрүүл мэндийн төлбөртэй үзлэгт харуулж байгаа талаар өмнөх дугаартаа мэдээлсэн билээ. Эдгээр сургуулиудын эрүүл мэндийн “үзлэг”-т эрүүл мэндийн даатгалын мөнгө хамаарахгүй болсон гэдгийг удирдлагууд нь хэллээ. Өмнө Эрүүл мэндийн даатгалын мөнгийг оюутны төлбөрөөс шууд суутгаад авчихдаг жишиг үйлчилж байсан юм. Тэгвэл энэ жилээс эхлэн эрүүл мэндийн даатгалыг төр хариуцдаг болсон. Үүнтэй уялдаад их, дээд сургуулиуд төлбөрөөсөө эрүүл мэндийн даатгалын мөнгийг хасахын оронд хувиараа үзлэг хийлгэж эхлээд байгаа юм. Энэ тухайгаа их, дээд сургуулиудын зарим удирдлагууд “Энэ жилээс эхлэн шинээр элсэгчдийнхээ эрүүл мэндийн байдлыг тогтоож, оюутнуудаа эрүүл мэндийн карттай болгохоор ярилцсан юм. Үүнээс хойш нэгдүгээр курсэд элсэгч бүрийг энэ үзлэг шинжилгээнд хамруулна ” гэсэн хариулт өглөө. Энэ нь оюутнууд төдийгүй эцэг, эхчүүдийн дургүйцлийг хэзээний хүргээд байна. Хачирхалтай нь оюутныхаа эрүүл мэндэд анхаарал хандуулсан эрхэм удирдлагууд эрүүл мэндийн үзлэгтээ нийгмийн шинжтэй өвчин болох сүрьеэ, шар өвчинтэй эсэхийг нь огт шинжлэхгүй байгаа эргэлзээ төрүүлж байна. 

Хэдийгээр оюутнуудад үгүйлэгдэж байсан чухал асуудал ч иймэрхүү маягаар асуудалд хандсан нь мөнгө олох гэсэн башир арга гэж бодохоос өөр аргагүй гэж оюутнууд гомдоллож байна. Адаглаад сүүлийн үед ихэсч байгаа бэлгийн замын өвчлөл, агаарын бохирдлоос үүдсэн амьсгалын замын халдварт өвчин эмгэг зэргээр өвчлөх магадлал өндөр байгаа эсэхийг огт тоосонгүй.  Ямар сайндаа л түнш сургуулийнхаа нэрээр нэрлэгдсэн шүдний эмнэлгийн нэрээр шинжилгээ явуулж байх вэ. Эндээс харахад их сургуулиудын явуулж буй үзлэг шинжилгээ чанартай байж, онош нь нарийн зөв гарч байгаа эсэх нь үнэхээр эргэлзээтэй. Шүдний эмнэлгийн эмч дотор эрхтэнийг мэддэг гэж үү. Уучлаарай, арай тийм биш гэж бодож буй биз ээ. Тэгвэл энэхүү оношлогоо хэрхэн эхлээд, яаж дуусдагийг харсан хүний хувьд хэлэхийг оролдоё. Эрүүл мэндийн долоон шинжилгээ өгөхөд ердөө тавхан хором. Хамгийн эхний оношлогоо гэвэл цээжийг нь чагнах. Үүнд ердөө 5 секунд хангалттай. Дараагийн оношлогоо амны ариун цэврийг харахаар үргэлжилнэ. Дахиад өмнөх шиг хугацаа зарцуулна. Хэдэн шүд нь хорхойтой, эсвэл эвгүй үнэртэй бол “эмчлүүл” гэж хэлдэгт л найдъя. Энэ бол МУИС-ын үзлэг байлаа.

Харин ШУТИС-ийн үзлэг үүнээс арай илүү. Юугаар илүү вэ гэхээр тухайн оюутны өндөр, жин, нүдний харааг шалгаж буйгаараа онцлог. Ялгаатай үйлчилгээний төлбөр ч бас л ялгаатай. МУИС-ийн үзлэг 4500 төгрөг бол ШУТИС 5000 төгрөг. Сургуулийн эдийн засаг оюутнуудын биеийн байдалтай хамаардаг гажиг тогтолцоо үйлчилж эхэлсэн нь энэ. Ямар сайндаа тэд “Хувийн эмнэлгээр оюутнуудаа үзүүлэх гэхээр 18 -20 мянган төгрөг гэж байна. Гаднаас сайн эмч урьж ийм хямд үнээр үзүүлж байна” гээд зовлон тоочиж байх вэ. Хэмнэлт хийж, оюутнуудынхаа эрүүл мэндэд санаа тавьдаг болсон нь сайхан л юм. Гэхдээ хагас дутуу, иймэрхүү байдалтай шинжилгээ хийснээс нэг мөр зүтгээд, жилд сайн шинжилгээ хийлгэж, өөрийн эрүүл мэндийн төлөө 20 мянган төгрөг жилд зарцуулахад яагаад болохгүй гэж. Харин энэ талаар Боловсрол соёл шинжлэх ухааны яам мэдэж байгаа болов уу гэтэл үгүй аж. Ямар сайндаа л  “Ямар шинжилгээ тийм юм болж байгаа юмуу? Яахав харин ч болж байгаа юм биш үү. Та нар дэмий битгий сенсааци л даа” гээд сууж байхав. Оюутнуудын шинжилгээг үнэ төлбөртэйгөөр аваад байхад ингэж хариулаад сууж байх. Хийж байгаа үзлэг нь ч шаардлага хангахуйц байгаа нь эргэлзээтэй. 

Бас өөр нэг ойлгомжгүй зүйл байна. Элсэгчдээсээ л шинжилгээ авсаар байхад хэдэн жилийн дараа бүх оюутнууд эрүүл мэндийн нэгдсэн сантай болчихно гэж ярих юм. Зөвхөн нэгдүгээр дамжаанд элсэгчдээс нэг удаа хальт мульт шинжилгээ аваад дөрвөөс таван жил тэр оюутныг тухайн шинжилгээгээр нь үнэлнэ гэдэг арай биш. Нэгдүгээр дамжаанд элсэхдээ өвчтэй байгаад эрүүл болж, эсвэл эрүүл байгаад өвчин тусч болно. Тиймээс энэ үзлэг шинжилгээг жилд нэг удаа бүх оюутнуудаас чанартай авах, эсвэл бүр болих хэрэгтэй. Бүх оюутныг нь үзэж хянаж чадахгүйгээс хойш анх ороход нь нэг үзэж карт өгөөд ямар хэрэг байна. Үүнээс үүдээс бас нэг таатай статистиктэй болох байх. Тэр нь бүх оюутнууд эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдсан гэж…

Б.ОЙНБИЛЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж