Хуучирсан мэдээ: 2011.09.01-нд нийтлэгдсэн

Их хотын ”тахал”

1970-аад он. Хотжилт эрчимжсэн цаг үед АНУ болоод “баруун”-ы хэвлэлүүд ийн шуугиж байлаа. Өсвөр насны хүүхдүүд болон залуусын дунд амиа хорлох үзэгдэл ихэсч, сэтгэцийн өвчтэй хүмүүсийн тоо ч нэмэгдээд эхлэв. Огцом нэмэгдсэн сэтгэцийн өөрчлөлтүүд, амиа хорлох үзэгдэлийг судлахад “Их хотын чимээ шуугиан нь хүмүүсийн өдөр тутмын амьдралд нөлөөлж сэтгэцийн эмгэг үүсгэж байна” гэсэн дүгнэлт гарчээ. Чухамдаа хотжилт ихэссэн, хүн амын нягтрал ихтэй томоохон хотуудад шинэ эрин үеийн “тахал” дэгдэж эхэлсэн нь энэ байжээ.

“Хүүхэд үсэрч амиа хорлолоо”, “Гэрээслэл үлдээгээд өндөр байшингаас үсэрчээ” гэх мэдээлэл манай улсад сүүлийн жилүүдэд сонины дугаар, телевизийн мэдээнээс ер салахаа больжээ. Эхэндээ бид энэ мэдээллүүдээс айж цочирддог байсан бол сүүлдээ тоохоо ч больчихож. Өдөр болгон болоод гарч байдаг жирийн үзэгдэл шиг боддог болсон ч байж болох. Статистик судалгаанаас харвал амиа хорлох үзэгдэлийн давтамж нь 1990-ээд оны сүүлээс эрчимтэй өссөн бөгөөд 2000 оноос жил болгон амиа хорлох үзэгдэлийн давтамж нь ихэссэн дүн цаасан дээр дурайж байна. Гэвч энд эрхэм уншигч та нэг зүйлийг санах хэрэгтэй. Амиа хорлож байгаа хүмүүсийн дийлэнхийг 15-20 насны залуус эзэлж байна. Тодруулбал, 2009 онд 500 гаруй хүн, өнгөрсөн онд 40 гаруй хүүхэд амиа хорложээ. Монгол Улсын хүн амын 75 гаруй хувийг хүүхэд, залуус эзэлдэг гэж бодохоор аль хэдийнэ аюулын “харанга” дэгдээд эхэлчихсэн ч юм шиг.

 Сэтгэл судлаачдын хэлж буйгаар амиа хорлох үзэгдэл нь сэтгэцийн эмгэгийн нэгэн илрэл гэнэ. Зөв зүгээр байгаа хүн яавч ийм үйлдэл хийж чаддаггүй ажээ. “Амьдралынхаа зарим үед хүмүүс айдас түгшүүртэй, ямар нэгэн юмны талаар сэтгэл зовсон байдалтай байдаг. Хүмүүсийн өдөр тутмын амьдралаа зохицуулах чадварт айдас нөлөөлснөөр тухайн хүний сэтгэлд хиймэл түгшүүр бий болдог байна. Энэ нь даамжирсаар жигд бус амьсгалах, зүрхний цохилт түргэсэн, булчин өвдөх болон хөлрөх зэрэг бие махбодын зовиурыг үүсгэнэ. Энэ байдлаасаа болоод зарим нь амиа хорлодог” гэж сэтгэл судлаач Б.Энх-Амгалан ярьж байна.

Чухамдаа 1970-аад оны үеэс хотжил эрчимжсэн бүсүүдэд дэгдэж байсан шинэ эрин үеийн “тахал” өнөөдөр Монголд ид хүчээ авч байна уу гэлтэй. Биднийг ажил амьдралаа амжуулаад явж байх хооронд хэдэн хүн амиа хорлон тэнгэрийн оронд одож, хэдэн хүн “сэтгэцийн эмнэлэг”-т хүргэгдсэнийг таах аргагүй. Ямар ч байсан манай оронд сэтгэцийн ямар нэгэн эмгэгтэй 25 гаруй мянган хүн эмчийн байнгын хяналтад байгаа гэсэн тоо байна. “Сэтгэцийн эмгэг эрүүл хүнд ч тусч болно. Энэ нь тухайн хүний стресст хэр өртдөг, хэр зэрэг ачаалалтай ажилладаг, тархины ачаалал хэр зэрэг өндөртэй байгаа зэргээс хамааран яаж тусах нь өөр, өөр. Сэтгэцийн эмгэгийг эхэн үед нь эмчилж болно. Гэхдээ хамгийн гол нь ихэнх хүмүүс сэтгэц нь өөрчлөгдөөд байгааг мэдэхгүй, гаднаас нь хараад ч тухайн хүнийг ийм өвчтэйг мэдэж чадахгүй. Гагцхүү сэтгэл зүйчтэй ярилцсан цагт л тухайн хүнийг эрүүл үү, сэтгэцийн өөрчлөлтөд орж уу гэдгийг мэдэж болно” гэж сэтгэл зүйч ярьж байна. Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад хүмүүс сэтгэл зүйчид ханддаг нь чухамдаа үүнтэй холбоотой ч байж болох. АНУ-д гаргасан судалгаагаар тус улсын хүн амын 85 гаруй хувь нь хувийн сэтгэл зүйчтэй байдаг гэсэн тооцоо гарчээ.

Манай нийслэл хотод өнөөдрийн байдлаар нэг сая 200 гаруй мянган хүн амьдарч байна. Тэдний хэдэн хувь нь сэтгэл зүйчид ханддаг нь эргэлзээтэй. Ямар ч байсан сэтгэл зүйчид ханддаг хүн  маш цөөхөн байдаг гэнэ. “Манайд нэг ийм буруу үзэгдэл байдаг. Сэтгэл зүйчид хандаж байгаа хүн бүхэн “ёо-ёо”-той гэдэг. Угтаа үгүй юм шүү дээ. Сэтгэл зүйчтэй ярилцах нь ганцаардлаас гарах нэг шалтгаан гэдгийг гадны эрдэмтэд тогтоосон байдаг шүү дээ”. Ийм яриаг сэтгэл зүйч эмч өрнүүлж байсан юм.

1970-аад оны сүүлээс залуучууд амиа хорлож, сэтгэл мэдрэлийн эмнэлэгт хэвтэж, эмчлүүлэгсдийн тоо өсч эхэлсэн тэр цаг үед Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас нэгэн судалгааг явуулжээ. Судалгаанд хамрагдсан орнуудаас амиа хорлох, үзэгдэл болон сэтгэцийн өөрчлөлтөд орсон хүмүүс дийлэнх байгаа бүс нутгуудад ихэвчлэн өндөр хөгжилтэй улсууд багтсан байна. Харин хөгжиж байгаа болон ядуу орнуудад ийм тохиолдол маш бага хэмжээгээр тэмдэглэгдсэн байжээ. Судалгааны тайланг нэн даруй гаргаж амиа хорлох үзэгдэл болон сэтгэцийн эмгэгийн өвчлөл ихээр бүртгэгдсэн бүс нутгууд руу явуулсан аж.  Тиймээс зугаа цэнгээн болон аялал жуулчлалын газрууд, сэтгэл зүйн төвүүдийг их хэмжээгээр барьж эхэлсэн гэдэг.

Зурагтаар байнга гардаг нам болгоны хэрүүл, төгсөшгүй үргэлжлэх “савангийн дуурь”-иуд, хүрэхтэй үгүйтэй үргэлжлэх цалин хоорон дахь амьдрал, бараг хөдлөхгүй шахам түгжрэх замын хөдөлгөөн зэрэг нь бухимдуулах, ядаргаанд оруулах, сэтгэцийн өвчтөн нэмэгдэх бүр цаашлаад амиа хорлох үзэгдлийг нэмж байгаа ч байж болох. Ямартай ч шинэ эрин үеийн их хотын “тахал” гэж нэрлэгдээд буй сэтгэцийн өвчлөл Монгол оронд аль хэдийнэ тархаад эхэлжээ… Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар мэдрэл, сэтгэцийн зан үйлийн эмгэгтэй холбоотой сэтгэцийн өвчлөлтэй 460 гаруй сая хүн байгаа ажээ.  Дэлхийн дөрвөн хүн тутмын нэг нь амьдралынхаа туршид сэтгэцийн ямар нэгэн өөрчлөлтөд өртөж байдаг. Хөдөлмөрийн чадвараа алдахад хүргэдэг 10 өвчний эхний тавд сэтгэцийн өвчлөл ордог. Манай улсад сэтгэцийн өвчлөлтэй байнга эмчийн хяналтад байдаг 25 мянга гаруй хүн байдаг.

Б.БОЛОРСҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж