Тайванийн хоёр
эмнэлэгт ХДХВ-ийн халдвартай донорын эрхтнүүдийг нийт таван өвчтөнд шилжүүлэн суулгасан хэрэг гарчээ. Уг хэргийг одоо Тайванийн эрүүл мэндийн яамнаас шалгаж
байна. Тайванийн Үндэсний их сургуулийн
эмнэлэг дээр дөрвөн өвчтөнд ХДХВ-тэй донорын элэг,
хоёр бөөр, уушги зэрэг эрхтнүүдийг шилжүүлэн суулгасан бол Чен Куны үндэсний их сургуулийн эмнэлэг дээр тав дахь өвчтөнд дээрх ХДХВ-тэй донорын зүрхийг шилжүүлэн суулгажээ.
Тайванийн эрүүл мэндийн яамны сайд, доктор Чиү Вэн-та дээрх хэрэгтэй холбогдуулан эрхтэн шилжүүлэн суулгах мэс засалд хүмүүсийн итгэх итгэлийг
бууруулахгүй байх үүднээс даваа гаригт гурван
ажлын хэсгийг байгуулжээ. Үүнд ямар учраас дээрх
халдвартай донороос эрхтэн шилжүүлэн суулгасныг олж тогтоон, буруутай этгээдэд зохих хариуцлагыг хүлээлгэх ажлын хэсэг, халдвартай донорын эрхтнүүдийг шилжүүлэн суулгуулсан өвчтөнүүдэд туслах ажлын хэсэг мөн эмнэлгүүд дэх өвчтөнүүдийн эрүүл мэндийг хянаж байх ажлын
хэсгүүдийг тус тус
байгуулахаа мэдэгджээ.
Эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын
багийн эмч нар ХДХВ-тэй донорын шинжилгэний хариуг буруу сонссоноос болж дээрх нөхцөл байдал үүссэн гэж мэдэгдсэн бөгөөд тухай донорын гэр бүлийн гишүүд ч түүнийг ХДХВ-тэй байсан гэдгийг мэдээгүй байжээ. Тайванийн үндэсний их сургуулийн нэрэмжит эмнэлгээс дээрх эрхтэн шилжүүлэн суулгуулсан өвчтөнүүдээс хүлцэл өчиж, тэдэнд ХДХВ-ээс урьдилчан сэргийлэх эмчилгээг хийхээ мэдэгдсэн
байна.
Холбогдох хууль
тогтоомжийн дагуу аливаа эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын өмнө донор болох хүний эд эсэд ХДХВ-ийн вирусын
шинжилгээг заавал хийх ёстой
байдаг аж. Хэрэв халдвартай донороос эрхтэн шилжүүлэн суулгасан тохиолдолд тухайн мэс заслыг хариуцаж хийсэн эмч,
ажилтнуудад 3-аас 10 жилийн хорих ял оноодог аж.
Б.Энх