
Оюутан сурагчдын хичээл эхэлж байгаатай холбогдуулан түрээсийн байрны үнэ тэнгэрт хадаж, эрэлт хэрэгцээ ихэсдэг. Энэ байдлыг ашиглан байр түрээслүүлэх нэрээр залилан хийх гэмт хэрэг сүүлийн өдрүүдэд гарах болжээ. Тухайлбал, “Баянзүрх дүүргийн Сансарын тунелийн ойролцоо хоёр өрөө байр түрээслүүлнэ” гэх зар өгөөд Сүхбаатар дүүргийн иргэн Ц-гээс 500 мянга, Чингэлтэй дүүргийн иргэн А-гаас 900 мянган төгрөг залилан, сураггүй болсон хэрэг Цагдаагийн байгууллагад бүртгэгдээд байна. Байр түрээслэгчид заасан байранд нь очтол түлхүүр нь таарахгүй, эзэнгүй байр байсан гэнэ. Залилагч этгээд нь 40 орчим насны, 150-160 см өндөртэй эмэгтэй байжээ. Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.