“Ганган Төгс”-ийг сонгох шууд нэвтрүүлгээс

Хуучирсан мэдээ: 2011.08.31-нд нийтлэгдсэн

“Ганган Төгс”-ийг сонгох шууд нэвтрүүлгээс

Хүн бүрийн сэтгэлийн нандин утсыг хөндөж, биднийг баярлуулж, догдлуулж, уйлуулж, бүхий л мэдрэмжийг өгч чаддаг гайхалтай урлаг бол кино. Кино урлагийн сонин содон ертөнцөд өөрийн биеэр нэвтэрч, дуртай киногоо хамтдаа бүтээх боломжийг олгосон “Кино код” шоу нэвтрүүлгийг “Hero entertainment” студи, “Modern nomads” сүлжээ ресторан, Монголын Үндэсний Боловсрол суваг телевиз үзэгч таны оролцоотойгоор хамтран хэрэгжүүлж байна. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй гэдэг шиг хамтын ажил гэдэг үнэ цэнэтэй, хожмоо дуурсагдах урт настай бүтээл болж чаддаг. 

Кино бүтэх бүхий л үйл явцыг ард түмний гарт шилжүүлсэн нь үнэхээр шинэлэг бөгөөд сонирхолтой байсан гэдэгт эргэлзэхгүй байна. “Кино код” шоу нэвтрүүлэг анхны дугаараа та бүхэнд хүргэх тэр үед бүх алхам нь тайлагдаагүй код байсан бол үзэгч таны саналаар “Кино код” төслийн хүрээнд түүхэн төрөл жанрын “Манжийн дарлалын эсрэг тэмцэгч шилийн сайн эрс”-ийн тухай өгүүлэх зохиолч Б.Равдангийн “Ганган Төгс” зохиолоор уран сайхны кино хийхээр болсон билээ. 

Харин энэ киноны киноны гол дүрд буюу “Ганган Төгс”-ийн дүрд хэн тоглох вэ гэдэг нь үзэгчдийн төдийгүй төслийн багийнхны хувьд нууцлаг код байсан. Энэ асуултын хариу 2011 оны 08-р сарын 27-ны 19:35 минутаас Монголын Үндэсний Боловсрол суваг телевизээр явсан шууд нэвтрүүлгээр тодорхой болсон юм. Ингээд та бүхэндээ “Ганган Төгс” киноны гол дүрийн жүжигчин сонгон шалгаруулах нэвтрүүлгээс цувралаар хүргэхээр бэлдлээ. Та ажлын цаг заваас хамааран үзэж амжаагүй байгаа бол анхаарлаа хандуулаарай. 

“Ганган Төгс” киноны гол дүрд авъяас билэг, дүр төрхөөрөө бусдаас ялгарч чадсан таван жүжигчин өрсөлдсөн. Харин шийдвэрлэх мөчид УДЭТ-ын жүжигчин Г.Эрдэнэбилэг, УДЭТ-ын театрын жүжигчин А.Алтантөр, проб шоуны оролцогч Г.Бямбадорж нар хүрэлцэн ирсэн юм. Тэдний дунд ширүүхэн өрсөлдөөн өрнөх нь тодорхой. 

Харин дуучин, жүжигчин М.Мягмар тодорхой бус учир шалтгааны улмаас, УДЭТ-ын жүжигчин П.Баттөр Франц улсад кино зураг авалттай явж байгаа бөгөөд 8-р сарын 26-нд ирэхээ амласан ч, зураг авалт нь хойшлогдсноор ирж амжсангүй. Тэрээр санал өгч, өөрийг нь дэмжиж байгаа оролцогчдодоо баярласнаа илэрхийлэхийн ялдамд, чин сэтгэлээсээ уучлал гуйж байгааг минь дамжуулж өгнө үү хэмээн хүссэн юм. 

“Ганган Төгс”-ийн дүрд тоглох гол дүрийн жүжигчин сонгох шууд нэвтрүүлэг хоёр студиэс нэгэн зэрэг хүрсэн юм. Үзэгчдийн саналыг 155068 SMS дугаар, 1970 шууд утас, www.movie.news.mn сайтаар хүлээн авсан. Нэвтрүүлэг эхлэхэд дуучин, жүжигчин М.Мягмар 9875 санал, УДЭТ-ын жүжигчин Г. Эрдэнэбилэг 9186 санал, УДЭТ-ын жүжигчин А. Алтантөр 4582 санал, УДЭТ-ын жүжигчин П.Баттөр 7253 санал, проб шоуны оролцогч Г.Бямбадорж 5517 санал авсан байна. Гэхдээ энэ санал нэвтрүүлгийн үр дүнд хэрхэн яаж өөрчлөгдөхийг үзэгч та шийднэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж