Шинэ үсгийн багш аа, би…?!

Хуучирсан мэдээ: 2011.08.31-нд нийтлэгдсэн

Шинэ үсгийн багш аа, би…?!

Монгол улс Азийн орнуудаас анх удаа Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг удирдахаар болжээ. Энэ үүргийг авч байгаа улс орнууд дор бүрнээ голлох нэгэн сэдэв чиглэлийг барин үйл ажиллагаа явуулдаг гэж мэдээлэгдэж байсны дээр Монгол орны хувьд Ардчиллын боловсролын асуудлыг “барьж авч” байгаа гэнэ. Энэ бүхнийг сонсоод ардчиллын боловсрол бидний хувьд чухам хэрхэн төсөөлөгддөг билээ гэдэг талаар өөрийн санаа бодлыг хуваалцахаар шийдэв. Ардчилал гэхээр аль хэдийнээс мэддэг юм шиг атал “ардчиллын боловсрол” гэхээр шинэ үсэг заалгахтай адил мэт санагдах юм. Иймээс өөрийн бодлоо ардчиллын боловсролын ухааныг нээх “шинэ үсгийн багшид” зориулсан болой-

“Загалмайлсан эцэг” гэж нэг сүрхий кино байдгийг зөвхөн “сүрхий эрчүүд” төдийгүй нийгэм судлаачид ч үнэлэн үздэг аж. Учир нь энэ киног Америкийн нийгмийн нэгэн толь болсон бүтээл гэж хардаг учраас тэр. Тэнд мафийн толгойлогч Майкл Корлеоне ширээт лам Ламбертитай уулздаг хэсэг бий. Ширээт лам Корлеонед усан оргилуурын ёроолд байсан чулууг хагалан үзүүлж “ Та хар даа, энэ чулуу усны ёроолд магадгүй зуун жил ч болсон байж мэднэ. Гэтэл доторхи нь хув хуурай байгаа биз. Бид нар хэдэн зуун жил бурхны сургаалийг хүмүүст хүргэсэн ч яг л энэ чулууны дотор тал шиг тэдний сэтгэлд мөн чанар нь огт нэвчихгүй л байгаа юм даа” гэж хэлдэг. 

Ардчиллын боловсрол гэдэг зүйлийн тухай эргэцүүлэхэд өөрийн эрхгүй дээрхи гайхалтай үгс санаанд орж ирэв. Бид хорь гаран жил ардчиллын тухай ярьж, бичиж, маргаж мэтгэсээр ирсэн боловч түүний мөн чанар гэдэг зүйл чухам юу болохыг, бас ямар эрхэм зүйл болох учраас хэрхэн хамгаалж нандигнах вэ гэж ер нь ойлгож мэдэж ирсэн бил үү. Тэр тусмаа иргэн бүрийн хувьд. Яагаад ингэж хэлж байна гэхээр иргэн бүрт ардчиллын мөн чанар, үгүйдээ л түүний тулгуур дархлааны талаар ойголт байхгүй бол ардчилсан нийгмийн тухай ярих ч хэрэггүй болж байдаг аж. Учир нь ардчиллын мэдрэмжтэй буюу ардчиллын боловсролыг зөв тусгаж авсан иргэдээр ардчилсан нийгэм хамгаалагдах учиртай бололтой. Гэтэл хорь гаран жил ардчилсан нийгэмд амьдарч байгаа бидэнд ардчиллын ямар мэдрэмж, ямар боловсрол байгаа билээ гээд эргэн харвал….

“Бэлтгэл анги” :

Цагаан морин жилийн ардчилсан хувьсгал Монголд ялалтын уухай цуурайтуулж байх тэр үед ард олны зүгээс ардчиллын мөн чанар, утга агуулга, түүхэн замнал зэргийг нь бодохоосоо үр дүнгийн талаас нь илүүтэй дүгнэж, үнэлж ирсэн гэж хэлж болох байх. Эхлээд хүмүүс ардчилсан хувьсгалын үр дүнгийн талаар өөрсдийн төсөөллөө бий болгож дараа нь бодит байдалтай харьцуулж байсан нь магадгүй тэр үеийн ардчилалд өгөх хамгийн том үнэлгээ байсан биз ээ. Тэгвэл хүмүүс ардчиллаас юуг хүсэн хүлээж байсан бол ?

Хүн бүрийх янз бүр байсан нь лавтай ч нийтлэг төсөөлөл нь ойролцоо мэт. Том дарга нарын эрх ямба, тусгай хангамжийг, бас улс төрийн хавчлагыг халахыг хүсч байсан. Энэ нь ч тухайн үедээ биелж ямар ч байсан зарим тусгай гэгдэх дэлгүүрийг хааж, олон намын тогтолцоо бий болж, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг олж авсан. Хувийн өмчийг хүлээн зөвшөөрч элдэв гадуурхал үгүй болсон нь ч бас нэг үр дүн. Иргэд орон байраа, мал сүргээ өмчилж авснаар нийгэмд шинэ харилцаа гарч ирсэн юм. Тэртээ “21 оны хувьсгалын” дараа гарч байсан Данзантан нарын “Бүгдээрээ баяжигтун” хэмээх  уриа Ардчилсан хувьсгалын анхны жилүүдэд ч мөн цуурайтаж байсан билээ.

Ардчилсан сонгууль явуулж эхэлсэн нь ардчиллын боловсролын хамгийн эхний “А” үсэг болж монголчуудад шинэ хичээлийн хуудсыг нээсэн байлаа.  Гэвч шинэ ухагдахуун бүхий энэ хичээлийг монголчууд дөнгөж эхэлмэгц нь шуудхан хэлэхэд “таслахаас” өөр аргагүй болсон билээ. Учир нь нийгмийн шинэ тогтолцоонд шилжмэгц улс төр болоод нийгмийн шилжилтээ гүйцэж чадаагүй эдийн засгийн шилжэлт бүхнийг “хөлдөө чирсэн” нь тэр. Ийнхүү монголчууд “анги улирч” ахин суралцахад хүрсэн юм.

“Зах зээлийн дамжаа” :

Ингээд ардчилсан нийгэмд хөлөө олж авахын тулд зайлшгүй сурч мэдэх шаардлагатай болдог зах зээлийн эдийн засгийн хичээлийг монголчууд шууд амьдрал дундаас сурч эхлэхэд хүрсэн билээ. Хүмүүс өөрсдийн хүч хөдөлмөрийг болон хийсэн бүтээсэн зүйлээ бусдаас ичиж нэрэлхэлгүйгээр борлуулж, үнэ хүргэж, сурталчилж сурч байв.

Өмнө нь зөвхөн сараар тооцоолж хуваарилж байсан орлогоо хүмүүс энэ үеэс эхлэн өдрөөр, тэр ч байтугай цаг, минутаар тооцож авдаг, зарцуулдаг болж эхлэв. Хүмүүс зах зээлийг зөвхөн дотооддоо таньж мэдээд зогссонгүй. Хилийн чинадад жинхэнэ утгаараа хэрхэн хөгжиж байдгийг нь ч мэдэж таньж, суралцан дуурайх болсон нь бас л нэгэн боловсрол болж байсан хэрэг. Мөнгө гэдэг зүйл муулагдах биш харин санхүүгийн эрх чөлөөний хэмжүүр гэдэг утгаараа эрхэм болж ирсэн нь ч үнэн.

Энэ бүхэн ардчиллын боловсролтой хамаатай гэж үү гэж зарим хүн асууж болох л юм. Тэгвэл “зах зээлийн дамжаа” гэгдэх энэ үед санхүүгийн эрх чөлөөгүйгээр ардчилсан нийгэмд ч чөлөөтэй амьдрах орон зай байхгүй гэдгийг ойлгуулсан нь магадгүй хамгийн том хичээлийн нэг байсан гэж бодож байна. Тэгээд ч татвар, түрээс гээд санхүүгийн харилцааны олон хэлбэр нь хариуцлагын “амт”-ыг хамгийн сайн мэдрүүлж төлөвшүүлсэн чухал зүйлс байсан нь мэдээж. Дээр нь хувийн хэвшил болон төр хоорондын харилцааны уялдаа холбооноос үүдэж өмчийн харилцаа, үнэлгээ, ижил гарааны эрх, шударга зохицуулалт, итгэлцэл, түншлэл  гээд олон ойлголтыг сурч мэдэж авсаар байв.

Intermission:

Зах зээлийг үргэлжлүүлэн сурахын зэрэгцээ монголчууд ардчиллын талаар өөрсдийн мэдлэг, мэдээллийг нэмсээр л байлаа. Анхандаа “ардчиллынхан” гэсэн нэгэн овгоор мөр зэрэгцэж явсан нөхөд сүүлдээ эвсэж нийлэхдээ тааруу болж байгааг нь харсаар ямар ч байсан “Ардчилалыг хэсэг хүнд өмчлүүлээд байх хэрэгггүй юм байна” гэж ойлгоцгоосон биз. Нэг л мэдэхэд эвссэн ч юм шиг, эсрэгцсэн ч юм шиг хоёр “баавар” улс төрийн намынхны аль нь чухам ардчиллынхан болохыг ялгахад бэрх болж ирэв. Харин 2008 оны долдугаар сарын 1-ний хэрэг явдлын үеэр гарсан буун дуу ардчилсан нийгэмд ч айж эмээх “зүйл” байгааг монголчуудын яс маханд нь шингээж өгчээ.  

“Шинэ анги”:

Хэрэв өнөөгийн нийгэмд яг энэ цаг дор амьдарч байгаа иргэдээс нэгэн шинэ анги бүрдүүлье гэвэл хорин жилийн өмнөхтэй харьцуулахад их өөр, маш сонин бүрдэлтэй байх нь ойлгомжтой. Тэдний дунд Цагаан морин жилийн хүлээлтээ одоогийн бодит нөхцөлтэй харьцуулан толгой сэгсэрч суух нэгэн байж болно. “Яасан нөгөө эрх ямба хасна гээд байсан. Хэвээрээ л байна. Урьд цагт Улс төрийн товчоо гэж улс орныг удирддаг байгууллага байсан. Одоо хоёр намын бүлэг гээд бас л байж байна. Тэгээд энэ ардчиллын номтой чинь нийцэх үү” гэж тэр лав хэлнэ.  Хажууд нь суух оюутан бодно,

-Ирэх сонгуулиар хэр дайчлагдах бол…Өөрийн санаагаар бол алинд нь ч явмааргүй л байна. Даанч мөнгө нь хэрэгтэй юм даа. За, тэгээд сонголтоо л өөрөө өгч байгаа хойно хамаагүй биз дээ… гэнэ. Идэрхэн төрийн албан хаагч, “ Хэцүү ч юм даа, энэ улс төр…Ирэх жил манай нам гарахгүй бол би яана..? Ажлаа л өгөх байх даа” гэж бясалгана. Бас нэг малчин сууж байвал сайхан хөөрөлдөж магадгүй. “Одоо ч сонгууль болохоор л ардчилал гэдэг үгээ олж сонсохоос бусад үед нь ч хадлан тэжээл, хандив тусламж, эх орны хишиг энэ тэр гээд л өнгөрдөг болсон. Нэг бодлын амар ч юм уу” гэж ярих вий. Баавардуу дүртэй “банкир” царайтай нэгэн байвал бас л өөр юм ярина. “Америк л гээд байсан, ардчиллаа ч ойлгохоо байсан гээд байх шив лээ. Амьдралаа л авч явж байвал болоо юм биш үү” гэж “томрох” вий. Бас долдугаар сарын 1-ний хэрэг явдлаар яллагдаж цагаатгагдсан хэсэг залуус очиж магадгүй. Тэд л харин ардчиллын боловсролын “шинэ үсгийн багш”-ийн яриаг хамгийн их шимтэн сонсох болов уу даа. Эсвэл үгүй ч байж магад…

Энэ мэт өнөө цагийн төрх янз янз л байгаа. Харин “шинэ үсгийн багш” маань хичээлээ чухам юунаас эхлэх бол оо?

М.Наст

"Ардын эрх" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж