Японы ерөнхий сайдаар Ёшихико Нодаг сонголоо

Хуучирсан мэдээ: 2011.08.30-нд нийтлэгдсэн

Японы ерөнхий сайдаар Ёшихико Нодаг сонголоо

Өнгөрсөн гуравдугаар сард Япон улсын хувьд байгалийн нөхөж баршгүй том гарз тохиож, олон зуун хүн нас барж, олон мянган хүн гэр оронгүй болсон. Амьд үлдсэн иргэдийн хувьд гэр оронгүй болоод зогсохгүй эрүүл мэндээрээ ч хохирсон гэж хэлж болно. Учир нь сүүлийн зуун жилд болоогүй хүчтэй газар хөдлөлт болсноос атомын цахилгаан станцад дэлбэрэлт үүсч маш олон жирийн иргэд хордож хохирсон.

Энэ бүхний хариуцлагыг Япон улсын Ерөнхий сайд асан Наото Кан өөрөө хүлээж, олон нийтээс уучлалт гуйсан удаатай. Харин өнгөрсөн сараас түүнийг огцруулах яриа хүчээ авч, үүрэгт ажлаас нь чөлөөлөх саналыг сөрөг хүчнийхэн илэрхийлээд байв. Тэрбээр цөмийн реакторуудыг аюулгүй болгох ажлыг удирдаж, “Хэрэв үр дүнгээ өгөхгүй бол огцрох болно” хэмээн ам гарсан. Зарим хэвлэлээр Наото Каны талаар “Хариуцлагын тогтолцоо ийм өндөр хөгжинө гэдэг ямар боловсролтой ард түмэн бэ гэдгийг харуулж байгаагийн илэрхийлэл” гэх утгатай нийтлэлүүд  гарсан нь олны анхаарлыг ихэд татав. Харин Наото Кан энэ том хариуцлагийг мэдэрч өнгөрсөн баасан гарагт өөрийн албан үүргээ хүлээлгэн өглөө.

Түүнийг огцорсны дараагаас л “Түүний оронд хэн Ерөнхий сайд болох вэ” гэсэн асуулт олны дунд үүсч хэд хэдэн улс төрчийг өрсөлдүүлэх болсон. Ингээд өчигдөр Япон улсын парламентад хамгийн их суудал авсан эрх баригч Ардчилсан намынхан хуралдаж, сангийн сайд байсан Ёшихико Нодаг Ерөнхий сайдын албан тушаалд томилохоор боллоо. Худалдааны сайд Банри Коедатай тэрбээр өрсөлдөж 177:215 буюу 38 саналын зөрүүгээр ялалт байгуулжээ.

Ёшихико Нода нь 1957 онд Япон улсын Фунабаши хотод төрсөн аж. Тэрбээр өдгөө 54 настай ахмад улстөрчидын тоонд зүй ёсоор багтдаг талаар “Yonhap” агентлаг онцолжээ. Хуучин Сангийн сайд байсан тэрбээр шинэ албан тушаалдаа өнөөдрөөс эхлэн орох талаар Японы NHK агентлаг мэдээлэв.

Ерөнхий сайд асан Наото Кан түүнд баяр хүргэж “Сангийн сайд асан Ёшихико Нода хувь хүнийхээ хувьд их хөдөлмөрч, хүн чанар сайтай хүн. Ерөнхий сайд болсонд нь талархал дэвшүүлж ажлын өндөр амжилт хүсч байна. Агуу бүхэн асар их хөдөлмөрөөс бүтдэг тухай эзэн хаан асан Хирохито хэлж байсан удаатай” гэжээ. Олон улсын хэвлэлүүд, тэр дундаа CNN агентлаг “Япон улсын шинэ Ерөнхий сайд тодорч, түүний өмнө томоохон хариуцлага ирж байна” гэжээ. Түүний хийх ёстой эхний ажлууд нэгэнт тодорхой болсон билээ. Ёшихико Нода хамгийн түрүүнд өөрийн улсад нүүрлэсэн цунамийн гамшигт нэрвэгдсэн ард иргэдийн гэр орны асуудлыг шийдвэрлэх, уг цунамигаас үүдсэн атомын цахилгаан станцын хор хөнөөлийг багасгах, мөн эвдэрч сүйдсэн хотын сэргээн босголт, санхүүгийн тогтвортой, өр зээлийн нөхцөл байдал зэрэгт онцгой анхаарал хандуулж ажиллах юм байна. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Х.Клинтон “Япон улсын шинэ Ерөнхий сайдад та­лархал илэрхийлье” хэмээн www.washingtonpost.com сайтаар дам­жуулж баяр хүргэсэн байна. Мөн “Япон улсын хариуцлагын тогтолцоо ямар дээд түвшинд хөгжсөныг дэлхий нийтээр харлаа” хэмээн магтаалын үг хэлсэн байна.

Аль-Жазира агентлагийн мэ­дээлж буйгаар “Ёшихико Нода нь ялалт байгуулсны дараа олон нийдэд хандан үг хэлэхээр парламентын танхимийн индэр дээр гарах зуур эхлээд дэд сайдад, дараа нь үг хэлэх индэрт, хамгийн сүүлд танхимд хуран цугларсан гишүүдэд бөхийн ёслосон нь япончуудын хүндэтгэлийн ёс, жаяг ямар өндөр түвшинд байдгийг харуулсан алхам боллоо. Тэрбээр Япон улсын ард түмэнд хандан “Эзэн хаанд болон ард түмэндээ энэ өдрийн мэндийг хүргэж байна. Миний ур чадварт итгэж томоохон хариуцлага, асар том үүргийг надад даалгасанд талархаж байна. Надад олдсон энэ үүргийг би нэр төртэй, сайн гүйцэтгэх болно гэдгийг амлаж байна. Бороо орсон дуланд хэзээ ч цасан бөмбөг хийж болохгүйтэй адил хүнд хэцүү цагт бид аль болох эв нэгдэлтэй байх нь чухал. Тиймээс надад тусалж дэмжихийг бусад гишүүдээсээ хүсэж байна” гэсэн аж. Ямартай ч Япон улсын шинэ Ерөнхий сайд тодорхой болж, япончуудын хариуцлагын тогтолцоог гайхшруулах бас нэгэн боломж гарсан талаар “Guardian” сонины www.gueardian.co.uk сайт мэдээлсэн юм.   

Б.Баатар

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж