Хувийн цэцэрлэгүүдийн төлбөр нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2011.08.30-нд нийтлэгдсэн

Хувийн цэцэрлэгүүдийн төлбөр нэмэгджээ

Хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлэх гэсэн иргэд гадаа хонож, хандив өгч, танил руугаа утсаар ярьж, уулзах нь уулзсан долоо хоног өнгөрөв. Гэхдээ ингэлээ гээд сургуулийн өмнөх боловсрол эзэмших 2-5 насны хүүхдүүд бүгд цэцэрлэгт орж чадсангүй. Тодруулбал, нийслэлийн хэмжээнд байгаа  2-5 насны 75 мянга 779 хүүхдийн  56 мянга гаруй нь л энэ онд цэцэрлэгт хүмүүжихээр болжээ. Энэ нь  нийс­лэлийн цэцэрлэгийн насны нийт хүүхдийн 74.1 хувь гэсэн үг. Өөр нэг тоо дурьдахад, нийслэлд 275 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байгаагаас 101 нь хувийн өмчийнх  аж. Энэ тоог бараг булан тойроод л нэг байдаг хувийн цэцэрлэгүүд баталдаг гэхэд хилсдэхгүй.  Тэдгээр цэцэрлэгүүдийн сарын төлбөр нь энэ хичээлийн жилийн хувьд дунджаар 60-250 төгрөгт хэлбэлзэж байгаа гэнэ.  Хамгийн хачирхалтай нь нэг хүүхдийн эцэг эхээс ийм хэмжээний мөнгийг сар бүр авдаг хувийн цэцэрлэгүүдэд улсын төсвөөс бусад төрийн өмчийн цэцэрлэгт олгодогтой ижил хэмжээний хувьсах зардал олгодог гэдгийг албаны хүмүүс хэлж байна. Цэцэрлэг байгуулах зах зээл бий юү гэвэл бий. Мөн эцэг эхчүүдээс багагүй хэмжээний төлбөр авчихна. Түүнчлэн төрөөс ном, сурах бичгээр нь хангаж, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Нийслэлийн боловсролын газраас гаргасан норм, стандартад нийцсэн хэрэглэлийг ч үнэ төлбөргүй тараадаг ажээ.

Үүнээс үүдээд аль нэг байрны буланд үйл ажиллагаа явуулдаг, бага­гүй хэмжээний төлбөр авдаг хувийн цэцэрлэгүүдэд чухам ямар шаардлага, стандарт тавьдаг вэ гэсэн асуулт гарч ирсэн юм. Ингээд Нийслэлийн боловсролын газрын Сургуулийн өмнөх боловс­ролын хяналт, үнэлгээ, шинжилгээ хариуцсан мэргэжилтэн Б.Үүлэнсолон­гоос дараах асуултад хариулт авлаа.
    
-Цэцэрлэгийн насны хүүх­дүүдийн багагүй хувь нь хувийн цэцэрлэгт хүмүүжиж байна. Тэгэхээр тэдгээр цэцэрлэгүүдэд, багш нарт нь ямар шаардлага тавьдаг юм бэ. Стандарт гэж байна уу?

-Хүүхдийн цэцэрлэгт МУБИС-ийг бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй төгссөн,  багшлах эрхээ авсан хүн багшлах ёстой байдаг. Цаашилбал, тухайн багш маань мэргэжлийн зэрэгтэй болох ёстой.

-Харин цэцэрлэгүүдийн тухайд. Зөвшөөрлийг нь чухам юуг үндэслэн олгодог юм бэ?

-Төрөөс хүүхдийн хоолны мөнгийг даах болсон, шилжилт хөдөлгөөн ихэссэн, төрөлт, залуу гэр бүлийн тоо нэмэгдэж байгаа зэрэг шалтгаанаар цэцэрлэгийн насны хүүхдийн тоо нэмэгдэж байгаа. Тухайн нэг цэцэрлэг хамран сурах тойргийнхоо хэмжээнд байгаа хүүхдүүдийг хүлээж авдаг. Гэтэл үүнээс гадна цэцэрлэгтэй ойр байгаа албан байгууллагынхан хүүхдээ өгөхийг хүсэх болсон. Цэцэрлэгийн нэг ангид 25 хүртэлх тооны хүүхэд хүмүүжих ёстой. Гэтэл одоо 40 хүртэлх тооны хүүхэд хүмүүжиж байна. Энэ нь багшид ачаалал өгч, сургалтыг чанаргүй явуулах хандлагыг нэмэгдүүлж байгаа. Тиймээс Нийслэлийн боловсролын газраас хүүхдийг цэцэрлэгт элсүүлэх удирдамжийг гаргаж дүүргүүдийн Боловсролын хэлтэст хүргүүлсэн. Хувийн цэцэрлэгүүд ч үүний дагуу хүүхдээ элсүүлэх ёстой. Түүнчлэн төрийн болон төрийн өмчийн бус цэцэрлэгүүд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Нийслэлийн боловсролын газраас гаргаж байгаа стандарт хөтөлбөрийн дагуу сургалт явуулах ёстой байдаг. Үүнийг нь ч хянаж, шалгадаг. Мэдээж шаардлага хангахгүй газрууд байдаг. Үйл ажиллагааг нь сайжруулах тал дээр нь анхаараад л явдаг. Цэцэрлэг байгуулах тусгай зөвшөөрлийг  Нийслэлийн боловсролын газрын дүгнэлтийн дагуу дүүргийн ЗДТГ-аас өгдөг. Боловсон хүчин, санхүү, хөрөнгийн баталгаа, байр сууц, сургалтын хэрэглэгдэхүүн, тоглоом гээд бүхий л зүйлийг үндэслэн олгодог юм.

-Хувийн цэцэрлэгийн төлбө­рийг БСШУЯ болон Нийслэлийн боловсролын газраас зохицуулах боломж бий юү. Эсвэл өөрсдөө тогтоодог юм уу?

-Хувийн цэцэрлэгийн төлбөрийг Нийслэлийн боловсролын газ­раас зохицуулдаггүй.  Тухайн байгуул­лагын удирдах зөвлөл нь тогтоодог юм.

Т.Урангэрэл

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж