Булганаас Түрэгийн үеийн бунхан олджээ

Хуучирсан мэдээ: 2011.08.30-нд нийтлэгдсэн

Булганаас Түрэгийн үеийн бунхан олджээ

Булган аймгийн Баяннуур сумын нутгаас VI-VII зууны үед хамаарах Түрэгийн үеийн бунхныг Монгол-Казахын хамтарсан экспедиц илрүүлж, археологийн малтлага хийсний дүнд түүх соёлын үнэт олдворууд олоод байна. Хоёр улсын эрдэмтэд бунханд хүрэх хонгилыг олон хоног ухсаны эцэст бунхны хаалганд хүрсэн аж. Долоон метрийн гүнд байгаа энэхүү бунханд хүрэх хонгил нь хоёр метрийн өргөнтэй, 40 шахам метр урт нүсэр том байгууламж юм. Хонгилын хоёр талын ханаар луу, морь хөтөлсөн хүн, сүм, олон туг дарцаг, үхрийн толгой зэргийг улаан хар өнгөөр зурж дүрсэлсэн  нь гайхалтай тод томруун хадгалагдан үлдсэн байна. Бунхны хаалганд тулж очоод байсан археологичид бунхны үүдийг тагласан чулууг зайлуулахад дахин хоёр метрийн урттай хонгил гарч иржээ. Уг хонгилын хоёр талын хананд тахилын сүм байсны нэгийг нь эрдэмтэд судалж эхлээд байна. Үлдсэн тахилын сүмийн алтаар чимэглэсэн алтан цоожтой модон хаалгыг хараахан нээж үзээгүй байна. Энэхүү хоёр тахилын сүмийн голд байгаа бунхны үүдийг нээх бэлтгэл ажлыг одоогоор хийж байгаа гэнэ. Бунхны дотор 1500 жил хуримтлагдсан хортой агаарыг гадагш соруулж цэвэр агаараар сэлбэх ажил ид өрнөж байгаа гэнэ. Үүний дараа бунхны үүдийг нээж, бунхан дотор бэхэлгээ хийсний дараа судалгааны ажлыг эхлүүлэх юм байна. Бэхэлгээ хийхгүй бол нуралт үүсч магадгүй ажээ. Тиймээс бунханд бэхэлгээ хийлгэхээр Налайхын уурхайгаас мэргэжлийн баг ирүүлэхээр болжээ. Ямартай ч тун удахгүй 1500 жилийн өмнөх түүх соёлын үнэт дурсгалын нууц дэлгэгдэх нь тодорхой боллоо.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж