Алтны үнэ түүхэн дээд амжилтаа тогтоолоо

Хуучирсан мэдээ: 2011.08.30-нд нийтлэгдсэн

Алтны үнэ түүхэн дээд амжилтаа тогтоолоо

Алтны үнэ бүтэн арван жилийн турш зогсолтгүйгээр өсч байна. Унци алтны үнэ 2001 онд дунджаар 271 ам.доллар байсан бол 2011 оны дундуур 1900 ам.долларт хүрчээ. Сүүлийн үед алтны үнээс наймаачид, ердийн хөрөнгө оруулагч ашиг олохоор эрмэлзэж байгаатай зэрэгцэн зарим орнууд түүнд татагдан орж байна.

Үнэ өсөх нь

Алт үнийнхээ түүхэн дээд амжил­тыг тогтоолоо гэсэн мэдээлэл мэдээл­лийн агентлагуудын туузанд тогтмол гарах болж, түүнд ч гайхаад байх хүнгүй болжээ. Үнэт металлын үнэ эдийн засаг тогтворгүй үеэр илүү өсдөг гэдэг. Трейдерүүд алтанд хөрөнгө оруулах нь элдэв үнэт цаас ба валют, хувьцаанд хөрөнгө оруулснаас илүү ашигтай бөгөөд үнээ ямагт барьж чаддаг. Гэсэн хэдий ч алтны үнийн өсөлт 2008 оны эдийн засгийн хямралаас өмнө эхэлсэн юм. Үнэт металлын үнэ нь хамгийн сүүлд 2001 оны жилийн дүнгээр л буурсан байжээ. Алтны үнийн эрс өсөлт 2000-аад онуудын дунд үеэс эрчимжсан юм. Хэдэн жилийн өмнө буюу 2006 онд унци алтны төлөө 600 ам.доллар өгч байлаа. Яг ийм маягаар мөнгөний үнэ ч нэмэгдсэн. Ялгаа нь энэ үнэт металлын үнийн оргил үе дэлхийн эдийн засаг хямралаас сэргэж эхэлсэн 2010 2011 онд тохиож байна. Ийм маягийн өсөлтийг хоёр шалтгаанаар тайлбарлаж буй.

Нэгдүгээрт, мөнгөний зах зээл алтнаас бага хэмжээтэй байна. Тэр нь юу гэсэн үг вэ гэвэл ийм зах зээлд бага хөрөнгөөр “хөөсөнцөрийг үлээж” болно гэсэн үг. Хоёрдугаарт, мөнгө нь аж үйлдвэрлэлд ихээр хэрэглэгддэг металл юм. Тийм ч учраас эдийн засаг өсөхөд мөнгөний эрэлт нь ердийн үнэт металл биш зэс эсвэл никель шиг өсөх ёстой. Сүүлийн тэр нөхцөл нь мөнгөнд хөрөнгө оруулахыг найдвартай биш байдалд авчирч байна. Алт бол үргэлж үнээ барьж чадах тул уналаа гэхэд сайндаа л 2000-аад оны дунд үед очно биз. Дэлхийд эдийн засгийн тогтворгүй үе тогтсон учраас тэр нь хөрөнгө оруулагч нарт ашигтай. Алтны хувьд бол энэ нь ойрын үед үнийн өсөлт нь тогтвортой байна гэсэн үг. 2011 оны наймдугаар сарын 11-нд алтны үнэ түүхэндээ унци нь 1800 долларын босгыг алхсан бол наймдугаар сарын 23 гэхэд 1900 долларын босгыг давлаа.

Металлаас ашиг олох нь

Хувийн хөрөнгө оруулагч нарт металлын үнийн өсөлтөөс ашигтай гаргах хэд хэдэн арга байна. Олборлох компанид нь хөрөнгө оруулж болно. Банкуудад одоо ердийн автоматаар худалдах болсон алтан гулдмайн хадгаламж нээж болно гэх мэтээр. “Алтны халуурлаар” зарим орнууд ашиг олохын тулд өөрийн нөөцийн ихэнхийг алтаар барьж байна. Энэ нь яаж ажилладгийг Оросын Төв банк наймдугаар сарын дундуур харуулав. Банкны мэдээгээр наймдугаар сарын 5-12-ны хооронд Оросын олон улсын нөөц 2,5 тэрбум ам.доллараар нэмэгдсэн байна. Reuters-ийн асуусан шинжээчид хариулахдаа алтны үнийн өсөлт Төв банкинд долоо хоногийн дотор 1,84-3 тэрбум хүртэл ам.долларын ашиг авчирсан гэжээ. Оросын Төв банк металлын үнийн өсөлт дээр идэвхгүй ажиллаж байгаа ч нөөцийн бүтцэд алтны хувь нь эрс нэмэгдсэн гэж сонсогдоогүй юм. Харин бусад Төв банкууд илүү идэвхтэй ажиллаж байна. Жишээлбэл, 2010 оны сүүлчээр Олон улсын валютын сан өөрийн алтны нөөцийн 13 хувийг зарахаар зарласан билээ. Нийтдээ ОУВС 403 тонн алтыг (труаны унциар-31,1 грамм) зарсан ба хамгийн том худалдан авагчид нь Энэтхэг, Шри-Ланка, Маврикийн Төв банкууд болсон байв. Үнэт металлыг алтны үндсэн үйлдвэрлэгчдийн нэг болох Хятад идэвхтэй худалдан авдаг. 2011 онд Хятад алтаар баталгаатай дэлхийн таван орны нэг болсон ба түүний нөөцөд 1,1 мянган тонн алт байна.

Энэ жилийн дунд үеийн мэдээгээр хагас их наяд долларын есөн мянган тонн алтыг АНУ хуримтлуулсан байна. 2010 онд төсвийн алдагдлаа багасгахын тулд алтны нөөцөөсөө худалдахыг АНУ-д Хятад санал болгож байлаа. Америкчууд тэр саналыг хүлээн аваагүй ба тэд улсын өрөө нэмэн үнэт цаасаа хэвлэх нь алтаа худалдахаас дээр гэж үзсэн юм. Европын орнууд: Герман, Итали, Франц, Швейцари алтны нөөц ихтэй бөгөөд алтнаасаа салахыг хүсдэггүй. Учир нь алтны эрэлт нь саналаас давуутай байгаа. Тиймээс олон орнууд өөрийн алтны нөөцөө нэмэхийг эрмэлзэх болжээ. Тухайлбал, наймдугаар сарын 23-нд Казахстаны Төв банк ирэх жилийн нэгдүгээр сарын 1-нээс эхлэн орон нутгийн компаниудаас экспортод гаргахаар бэлтгэсэн бүх алтыг худалдан авахаар зарлаад байна. Казахстан өөрөө харьцангуй бага хэмжээгээр алт олборлодог. Энэ оны эхний хагас жилд тус улс 21,4 тонн алт олборлосны 9,7 тонн нь цэвэрлэгдсэн, нэг үгээр нөөцөнд хадгалагдах алт юм байна. Хэрэв Казахстан хэдэн жил дараалан хэдэн арван тонн алт хуримтлуулаад байвал эцсийн дүнд нь алтны томоохон нөөцтэй улс болж чадна. Мөн тус оронд энэ металлын хайгдсан нөөц их байгаа. Нөөцөндөө алт худалдан авахын тулд Казахстанд хуулиа өөрчлөх шаардлагатай. Хууль нь одоо экспортод нь илүү тааламжтай.

Венесуэла энэ асуудалд эрс шийдэмгий хандаж байна. Ерөнхийлөгч Уго Чавес нь алт олборлох салбарыг нийгэмчлэх зарлиг гаргасан ба Европ, АНУ-д хадгалагдаж байгаа алтны нөөцөө өөртөө татахаар шийдсэн байна. Тус орон 1965, 1977 онуудад  алт олборлолтыг нийгэмчилсэн ч тус оронд алт олборлох жижиг хувийн аж ахуйнууд их байгаа. 2008 онд Канадын Crystallex компани ажиллаж байсан Ла Кристинас (La Cristinas ) гэх хамгийн том ордыг нийгэмчилсэн байв. Хэрэв алтны үнэ цаашид өсвөл энэ талаар өөр олон орнууд ажиллаж эхлэх нь ойлгомжтой. АНУ-д гэхэд л 40 жилийн өмнөөс татгалзсан “алтан стандартынхаа” тухай мэргэжлийн чиглэлийн блог болон чуулгануудад хамгийн ихээр яригддаг сэдэв болж байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж