Байгалийн хийн хоолойг Монголоор дамжуулах уу?

Хуучирсан мэдээ: 2011.08.30-нд нийтлэгдсэн

Байгалийн хийн хоолойг Монголоор дамжуулах уу?

Байгалийн хийн талаар монголчууд төдийлөн ойлголтгүй. Хааяа нэг хэрэглэх хийн зуух, хийгээр явдаг цөөн автомашинаар энэ чухал бүтээгдэхүүнийг төсөөлдөг. Харин олон улсын хэмжээнд байгалийн хий хамгийн чухал ашигт малтмал болоод буй. Ямар сайндаа л Зүүн хойд Азийн улсууд ОХУ-ын энэхүү ашигт малтмалын гол хэрэглэгч болохоор аль 1997 онд форум байгуулж нэгджээ. Япон, Солонгос, Хятад, Монгол, ОХУ-ын мэргэжлийн байгууллагуудын төлөөллийг багтаасан энэхүү форумын XII чуулга уулзалт гурван өдрийн турш Улаанбаатарт үргэлжилж, өнөөдөр хаалтаа хийх гэж байна.

Байгалийн хийг тамхины асаагуураас эхлээд эрчим хүчний үйлдвэрлэлд хүртэл ашигладаг Зүүн хойд Азийн хамгийн томоохон хэрэглэгч улс бол Япон. Бүс нутгийн байгалийн хийн хэрэглээний 42 хувийг арлын энэ улс дангаараа эзэлж байхад Хятад улсын хэрэглээ мөн үүнтэй дүйцэх хэмжээнд байна. Солонгосын хэрэглээ 16 хувь ажээ. Нийтдээ эдгээр улсын хэрэглээ дэлхийн хийн хэрэглээний долоон хувь. Тиймдээ ч хийн нөөцөөрөө дэлхийд тэргүүлдэг ОХУ-ын бодлого Зүүн хойд Азийн улс оронд маш чухал. Тус улс ойрын жилүүдэд зүүн урд нутаг дахь, Байгаль нуурын орчмын Ковыкта-гийн хийн ордоо ашиглаж Зүүн хойд Азийн улс орнуудад хүргэх гэж буй. Хамгийн сүүлд Ардчилсан Солонгос руу хийн хоолой тавьж, түүгээр дамжуулан БНСУ-ын хийн зах зээлд байгалийн хий нийлүүлэх хэлцэл хийсэн байгаа нь бусад орны сонирхолд төдийлөн нийцэхгүй байгаа сурагтай. Харин ОХУ-ын байгалийн хийг БНХАУ-аар дамжуулан авах сонирхол тэдэнд байгаа гэх.

Нөгөө талаас Хятад хэмээх байгалийн хийн том зах зээл Хятадад хүргэх нь ОХУ-ны бодлого байх нь дамжиггүй. Тэгэхээр ОХУ-ын зүгээс энэ зах зээлд хүргэхээр хийн хоолойг хаагуур хэрхэн тавих вэ гэдэг нь шийдэх л асуудлын нэг. Хэрвээ Монгол Улсаар дамжуулж хийн хоолойг тавибал түүнийг даган орж ирэх орлого, монголчуудын хийн хэрэглээ өсөн нэмэгдэх сайн талтай аж. Тиймдээ ч энэ өдрүүдэд Газрын тосны газар иргэддээ хийн хэрэглээг төлөвшүүлж, газар нутгаараа хий дамжуулах хоолой байрлуулах талаар Зүүн хойд Азийн улс орнуудтай зөвшилцөж байгаа юм. Форумд оролцогч гишүүн орнуудтай хамтран уриалга болгон баримт бичиг гаргасныг тус тусын улсын Засгийн газарт уламжилна. ОХУ ойрын гурван жилдээ багтаж Ковытка-гийн хийн ордоо эдийн засгийн эргэлтэд оруулвал эцсийн хэрэглэгчдэдээ хүргэх хоолойн асуудал хурцаар тавигдахад Монгол Улсыг дэмжих бүсийн бусад орны дэмжлэг хэрэгтэй нь дамжиггүй билээ.

Олон улсын эрчим хүчний агентлаг  байгалийн хийн эрэлт хэрэгцээ улам нэмэгдэж буй энэ эринийг  “байгалийн хийн алтан үе” гэж нэрлэснийг энэ дашрамд дурдъя. Тус агентлагаас мэдээлж буйгаар байгалийн хий 2030 гэхэд чулуун нүүрсний хэрэглээг халж, 2035 он гэхэд дэлхийн улс орнууд газрын тосны оронд байгалийн хийг хэрэглэдэг болох гэнэ.  Цөмийн эрчим хүчний ирээдүй тодорхойгүй байгаа нь байгалийн хийн хэрэглээг улам нэмэгдүүлж байгаа юм байна. Байгалийн хийн хэрэглээгээр Хятад, АНУ зэрэг орнууд одоогоор тэргүүлж байгаа гэнэ. Хятад улс ирэх жил утаагүй түлшний хэрэглээг нэмэгдүүлэх зорилт тавьсан нь байгалийн хийн тогтвортой байсан хэрэглээг нэмэгдүүлсэн байна.

Олон улсын эрчим хүчний агентлагийн судалгаагаар  дэлхий дээрх хүн ам хамгийн шигүү суурьшсан Хятадын 20 хотын 16 нь  чулуун нүүрснээс эрчим хүч гаргаж байгаа ажээ. Харин дээрх шалтгааны улмаас Хятад чулуун нүүрсний хэрэглээг байгалийн хийгээр  орлуулахаар зүтгэж байгаа юм байна.  Хятадын байгалийн хийн хэрэглээ Германыхтай адил боловч 2035 он гэхэд тус улсын хэрэглээ Европын холбооны орнуудын нийт хэрэглээнд дөхөж очих гэнэ. Харин АНУ эрчим хүчний эх үүсвэрийн 60 хувийг эзэлж буй чулуун нүүрсний хэрэглээг ирэх 20 жилийн дотор байгалийн хийгээр орлуулахаар төлөвлөж байна.

Байгалийн хийг дэлхий нийт ийнхүү хүлээн зөвшөөрч гол хэрэглээ болгох хэд хэдэн шалтгаан байдгийг сонирхуулъя. Байгалийн хийг ашиглан цэвэр эрчим хүч үйлдвэрлэх боломжтойн зэрэгцээ нийлүүлэлт нь хэзээд тогтвортой байдаг аж. Мөн эрэлт, нийлүүлэлт аль аль талынх нь технологи эрчимтэй хөгжиж, улам боловсронгуй болж байгалийн хийн гүйцэтгэх үүрэг улам өндөрсч байгаа гэнэ. Түүнчлэн байгалийн хийн нөөц хангалттай сайн байдаг учир бусад ашигт малтмалтай харьцуулахад хэрэглэхэд таатай байдаг байна.

Б.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж