Монголд инноваци гарааны үедээ л байна

Хуучирсан мэдээ: 2011.08.30-нд нийтлэгдсэн

Монголд инноваци гарааны үедээ л байна

Монгол Улсад инновацийг хөгжүүлэх асуудал ердөө эхлэл төдий аж. Уг нь инновацийг хөгжүүлж чадвал, уул уурхайн баялаг ихтэй Монгол орон түргэн хугацаанд үсрэнгүй хөгжиж,  нэг хүнд ногдох ДНБ-ийнхээ хэмжээгээр хоёр хөршөө тэргүүлээд эхлэхийг үгүйсгэхгүй. Даанч улстөрчдийн хүсэл зориг, бас бусад шалтгаанаас үүдэлтэйгээр Монголд инноваци зөвхөн гарааны үедээ л явна. Энэ асуудлыг өчигдөр Төрийн ордонд болсон “Инновацийг хөгжүүлэх оюуны өмч” сэдэвт Монгол, Хятадын хамтарсан VI хурлын үеэр төлөөлөгчид хөндлөө. Инноваци гэдгийг утгачилбал, нэмүү өртөг шингэсэн, үр ашиг,  бүтээмж өндөртэй шинэ бүтээгдэхүүн бий болгохыг хэлж байгаа хэрэг. Бизнесийн байгууллагаар жишээ татахад, тухайн компани инновацийн бодлогыг амжилттай хэрэгжүүлснээр дэвшилтэт технологийг ашиглан бүтээгдэхүүний чанараа сайжруулж, худалдан авагчийн эрэлт хэрэгцээг хангаж, шинэ зах зээл бий болгон, зардлаа хэмнэх үр дүнд хүрч болно. Харин энэ үр дүнд хүрэхийн тулд төр засгийн зүгээс тодорхой бодлого гаргаж, бас хөрөнгө хаях учиртай. Ингэж байж гэмээнэ, эрдэмтэд бүтээмж өндөртэй шинэ бүтээгдэхүүнийг бий болгоно. Түүнийг нь амьдралд үндэсний компаниуд нэвтрүүлж, олон нийтэд хүргэх ёстой. Нэг ёсны гурвалсан холбоон дунд инноваци үр шимээ өгнө гэсэн үг.

Монгол Улсад өнөөдөр 50 мянга гаруй аж ахуйн нэгж бүртгэлтэй ч, тэдгээрийн 95 хувь нь жижиг, дунд үйлдвэрлэгчид. Үлдэж байгаа тавхан хувь нь том аж ахуйн нэгжид тооцогдох бөгөөд уул уурхайн компаниуд гэнэ. Жижиг, дунд үйлдвэрлэгчдийн хувьд амиа аргацаасан, ажлын байр бий болгох төдийхөн бол акул гэж нэрлэгдээд байгаа уул уурхайн компаниуд боловсруулсан эрдэс баялгаа түүхийгээр нь гадаад руу экспортолчихдог. Хэрвээ инноваци хөгжсөн оронд бол эрдэс баялгаа түүхийгээрээ гадаад руу экспортлох бус эцсийн бүтээгдэхүүн болгож, нэмүү өртөг шингээх учиртай. Жижиг, дунд үйлдвэрлэлийн хувьд ч адилхан, инноваци хөгжөөд ирэхээр үйлдвэрүүд томорч, өрсөлдөх чадвар нь сайжирна. Дотооддоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээрээ өрсөлдөх бус гадаад ертөнц рүү зах зээл хайна. Өндөр хөгжсөн орнуудын хөгжилд хүрсэн замнал нь нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж гадаад зах зээлд гаргаж чадсантай нь холбоотой. Түүнээс биш талын нэг сүү, цагаан идээ боловсруулах юм уу, мах боловсруулах цех байгуулаад үсрэнгүй хөгжилд хүрсэн туршлага байдаггүй. Тиймээс л энэ удаагийн хуралдааныг “Инноваци” гэсэн тэр бүр дуулдаад байдаггүй сэдвээр зохион байгуулсан нь энэ аж.

Харамсалтай нь, долдугаар сарын 10-наас хойш амралтаа аваад арилж өгсөн УИХ-ын гишүүдийн хувьд хэнийх нь ч бараа харагдаагүй. Уг нь энэ сэдвээр толгойгоо цэнэглэчихвэл, ядаж л бүрэн эрхийн хугацаа дуусахаасаа урьтаад нэг сайн хууль баталчихвал аштай юу даа. Хуралд оролцогчдын тэмдэглэснээр Монгол Улсад инновацийг хөгжүүлэх чиглэлээр төрийн зүгээс барьж байгаа бодлого алга. Хоёрдугаарт боловсон хүчин бэлтгэгдээгүй. Гуравдугаарт энэ чиглэлд хөрөнгө төсөвлөдөггүй гэж хэлж болно. Гэтэл УИХ-ын гишүүд жил бүр нэг тэрбум, нийт 76 тэрбум төгрөг төсөвт суулгадаг, тойрогтоо хөрөнгө оруулалт хийх нэрээр. Ядаж 7.6 тэрбум төгрөгийг инновацийг хөгжүүлэхэд төсөвлөчих юм бол энэ муу Монгол Улс сэргээд ирэх  боломжтой.

Тиймээс УИХ, Засгийн газрын төвшинд нэн тэргүүнд яаралтай батлаж гаргах хуулийн жагсаалтад Оюуны өмчийг хөгжүүлэх үндэсний стратеги, Инновацийг хөгжүүлэх тухай бодлогын баримт бичгүүд аж. Урд хөршийн зарим нэг туршлагыг сонирхвол, инновацийг хөгжүүлэх таван жилийн зорилт тавьжээ. Энэ нь цаагуураа “Made in China” технологиороо дэлхийд тэргүүлэх зорилт тавьсны нэг илрэл гэнэ. Хөрөнгийг ч харамгүй хаяж байгаа аж. Тиймээс Монгол Улсын  хувьд Хятад улсаас энэ чиглэлээр суралцах зүйл их байгааг хуралд оролцогчид тэмдэглэлээ. Дашрамд сануулахад, Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын 2005 онд байгуулсан Оюуны өмчийн салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрийн хүрээнд 2006 оноос эхлэн хоёр орны Оюуны өмчийн газар хамтран цаг үеийн тулгамдаж буй асуудлын хүрээнд хуралдаан зохион байгуулсаар иржээ. Монгол Улсын хувьд инновацийг хөгжүүлэх асуудал чухлаар тавигдаж буй бол өмнөд хөршийн хувьд энэ чиглэлээр таван жилийн зорилт тавин, тодорхой хөтөлбөр гарган ажиллаж байгаа. Хоёр талын энэхүү эрэлт хэрэгцээг харгалзан дээрх хуралдааныг “Инновацийг хөгжүүлэх оюуны өмч” сэдвийн дор зохион байгуулсан нь энэ юм. Уг хуралд Монголын талаас Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг, Монголын Оюуны өмчийн газрын дарга Н.Чинбат, БНХАУ-ын талаас Хятадын Оюуны өмчийн газрын дэд дарга Ян Тиежун, тус улсын Оюуны өмчийн газрын Патентын газрын дарга ноён Цао Донген болон  албаны бусад хүмүүс оролцлоо.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж