
“Лондон-2012” зуны олимпийн наадмын дараа болох паралимпийн наадам өнөөдрөөс яг нэг жилийн дараа буюу 2012 оны наймдугаар сарын 29-нд нээлтээ хийнэ. Будант Албьоны нийслэл хотноо зуны 14 дэх удаагийн паралимп 2012 оны наймдугаар сарын 29-нөөс есдүгээр сарын 9-ний хооронд үргэлжлэх юм. Лондон хот хэдийгээр хүн төрөлхтний баяр наадам болох олимпийн наадмыг гурав дахь удаагаа хүлээн авах гэж байгаа ч паралимпийн хувьд анхных нь юм. Бээжингийн паралимпийн наадмын байт харвааны төрөлд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Д.Баатаржав түрүүлснээр паралимпийн аваргатай болсон Монголын пара тамирчид ирэх жилийн наадамд урьд өмнө байгаагүй өргөн бүрэлдэхүүнтэй оролцох гэж байгаа. Лондонгийн паралимпийн наадам спортын 21 төрөлд 503 багц медалийн эздийг тодруулах бөгөөд өнөөдрийн байдлаар Монголын есөн тамирчин паралимпийн эрхээ аваад буй. Тодруулбал, жүдо бөхийн төрөлд П.Болортуяа эмэгтэйчүүдийн 52 кг-д, эрэгтэйчүүдийн 90 кг-д Д.Ганбат, 60 кг-д Турк улсад 2011 оны дөрөвдүгээр сард болсон пара жүдо бөхийн ДАШТ-ээс эрхийн болзол хангасан. 60 кг-д манай хоёр тамирчин байгаа тул Олон улсын паралимпийн хариу ирсний дараа шийдэгдэнэ. Учир нь нэг улсаас жин тус бүрд нэг бөх л оролцдог юм. Мөн жүдогийн эрэгтэйчүүдийн 66 кг, -100 кг-д хоёр тамирчны эрх ирэх арваннэгдүгээр сард шийдэгдэнэ. Байт харваагаар Б.Оюун-Эрдэнэ Гуанжоугийн Азийн пара наадам, 2011 оны долдугаар сард Итали улсад болсон ДАШТ-ээс эрхээ авсан. Харин хийн бууны төрөлд Гуанжоугийн наадмаар тавдугаар байрт шалгарсан Д.Лхамсүрэн эрхээ аваад байна. Мөн хөнгөн атлетикчдаас Ж.Лхагважав Б нормативаар эрхээ авсан бол Д.Бадрал, С.Баярнаран нар паралимпид оролцох болзлоо хэдийнэ хангасан. Тэдний оролцох эсэхийг Олон улсын паралимпийн хорооноос удахгүй зарлах юм.