Төрийн тамганы хуулбар алдагджээ

Хуучирсан мэдээ: 2011.08.29-нд нийтлэгдсэн

Төрийн тамганы хуулбар алдагджээ

Монголын үндэсний музейн гуравдугаар давхарт байрлах Богд хаант Монгол улсын үеийн үзвэрийн танхимд байрлах 1911 болон 1912 оны төрийн хоёр тамганы хуулбар алдагдсан хэрэг энэ сарын 25-ны 12-13.00 цагийн орчимд буюу музейн ажилчдын цайны цагийн үеэр гарчээ. Тус музейн ажилчид өдрийн 12-13.00 цагийн хооронд ээлжээр цайндаа гардаг бөгөөд тухайн өдөр цайны цагийн үеэр музейг хариуцаж үлдсэн ажилтанг нэг давхрын бие засах өрөөнд байх үед нь дээрх хэрэг гарсан байна.

Музейн хяналтын камерын бичлэгээс шалгаж үзэхэд нүүрээ халхалсан, саравчтай малгайтай, эрэгтэй хүн шилэн хоргыг хагалж, дээрх хоёр тамгыг авсан бөгөөд музейн ажилтнууд мэдсэн даруйд Чингэлтэй дүүргийн цагдаад хандсан байна. Цагдаагийн ажилтнууд музейд ирж, хэрэгтний хурууны хээг авч баталгаажуулаад явсан бөгөөд одоо гэмт этгээдийг эрэн сурвалжилж байгаа ажээ. Гэхдээ хулгайд алдагдсан хоёр тамгын нэг нь 1911 оны Монгол Улсын Төрийн тамганы хуулбар бөгөөд эх хувь нь Монголын үндэсний музейн сан хөмрөгт хадгалагддаг аж. Харин нөгөөх нь 1912 оны Сэцэн хан аймгийн төрийн тамга юм байна. Үүний эх хувь нь Хэнтийн аймгийн музейн сан хөмрөгт байдаг гэнэ. Алдагдсан үзмэрүүдийг зарж, үрэгдүүлэх боломжгүй, хуулбар бөгөөд хулгайлсан этгээд нарийн учрыг нь мэдэлгүй авсан хэмээн таамаглаж байгаа ажээ. Гэхдээ музейн үзмэр гэдэг утгаараа алдагдсан хоёр тамгыг олж, музейд дахин байрлуулах шаардлагатай талаар Монголын үндэсний музейн  менежер Д.Мөнхтогоо хэлэв.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж