Хүннүгийн өв соёлыг нийтэд дэлгэлээ

Хуучирсан мэдээ: 2011.08.29-нд нийтлэгдсэн

Хүннүгийн өв соёлыг нийтэд дэлгэлээ

Монголын үндэсний музейд наймдугаар сарын 26-нд буюу өнгөрсөн баасан гаригт  “Хүннүгийн өв соёл" үзэсгэлэнгийн нээлт боллоо. Хүннүчүүдийн болон Монголын тулгар төрийн түүх шастир, өв соёлыг судалж сэргээх, батжуулах зорилгоор эрдэмтэн судлаачид, иргэд, байгууллагаас гаргаж буй саналыг дэмжиж Монгол Улсын Ерөнхийлөгч  Монголын тулгар төрийн 2220 жилийн ойг энэ онд төрт ёсны их баяр болгон ёслон тэмдэглэх тухай зарлиг гаргасны дагуу Хүннүгийн өв соёлыг олон нийтэд сурталчлан таниулсан судалгаа эрдэм шинжилгээ, соёл урлагийг хамарсан олон үйл ажиллагаа зохион байгуулагдаж байгаа юм.  Монголын тулгар төрийн 2220 жилийн ойг тэмдэглэх хүрээнд ой тэмдэглэх Үндэсний хороо, Монголын үндэсний музей, ШУА-ийн Археологийн хүрээлэн хамтран эл үзэсгэлэнг ирэх арванхоёрдугаар сарын 31 хүртэл үзэгч олонд толилуулахаар болжээ.

Уг үзэсгэлэнгээр Хүннү гүрний түүх, соёл, гадаад харилцаанд холбогдох гол хот суурин, хадны сүг зураг, монгол нутагт тархсан булш бунханы малтлагаар гарсан 300 гаруй ховор сонин олдвор, эх хэрэглэгдэхүүнийг үзэгч олны хүртээл болгосон байна. "Хүннүгийн өв соёл" үзэсгэлэнд Монголын үндэсний музей, Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэн, Монгол Улсын Их сургуулийн Археологи-антропологийн тэнхим, Улаанбаатарын их сургуулийн археологийн тэнхимийн сан хөмрөгт хадгалагдаж буй Хүннүгийн үед холбогдох соёлын үнэт өвийн сор болсон цуглуулгыг анх удаа нэгтгэн олон нийтэд толилуулж буйгаараа онцлогтой юм. Мөн энэ үеэр Монголын үндэсний музей, Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэнгээс хамтран "Хүннүгийн өв" нэрт 300 хуудас бүхий томоохон катологи номыг Монгол, Англи хэлээр бэлтгэн хэвлүүлжээ.  Үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлого, шашны асуудал хариуцсан зөвлөх Р.Болд, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр, Монголын үндэсний музейн захирал Ж.Саруулбуян, Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Б.Энхтүвшин нарын болон бусад албаны хүмүүс, эрдэмтэн судлаачид оролцсон байна.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж