Францын жүдочид багийн ДАШТ-д түрүүлэв

Хуучирсан мэдээ: 2011.08.29-нд нийтлэгдсэн

Францын жүдочид багийн ДАШТ-д түрүүлэв

Францын нийслэл Парис хотноо жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөсний маргааш өдөр нь буюу өчигдөр багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн боллоо. Багийн дэлхийн аваргад эрэгтэй, эмэгтэй тус бүр 16 орны дэлхийн шилдэг багууд оролцох эрхтэй байдаг ба Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ баг хоёул оролцох эрх авсан юм. Эрэгтэй жүдочид В хэсэгт сугалаа таарч, эхний тулаандаа ОХУ-ын багт ялагдсан бол эмэгтэйчүүд D хэсэг мөн л эхний тулаандаа БНСУ-ын багт дийлдсэнээр энэ жилийн ДАШТ-ийг өндөрлүүлсэн. Багийн дэлхийн аваргын дүрмийн дагуу эрэгтэй 66, 73, 81, -90, +90 кг, эмэгтэй 52, 57, 63, -70, +70 кг гэсэн таван жингийн ангилалд таван тамирчин халз барилдаж, нийлбэр дүнгээр ялагчаа тодруулдаг. Монголын эрэгтэй багийн тухайд Афины олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, Бээжингийн олимпийн аварга, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр нарын тэргүүтэй таван тамирчин багийн дэлхийн аваргад зодоглож, эхний тойрогт ОХУ-ын багт 5:0 харьцаатай ялагдсанаар тэмцээнээ дуусгасан. Харин эмэгтэйчүүдээс М.Уранцэцэг /52 кг/, М.Бундмаа /57 кг/, Ц.Мөнхзаяа /63 кг/, П.Лхамдэгд /+78 кг/ нарын дөрвөн жүдоч барилдсан юм. Багийн барилдаанд М.Бундмаа, Ц.Мөнхзаяа нар өрсөлдөгчөө ялж, М.Уранцэцэг, П.Лхамдэгд нар ялагдсан бөгөөд -78 кг-д зодоглох тамирчин байгаагүй учир БНСУ-ын багт 3:2 харьцаатай ялагдал хүлээсэн юм.

Багийн дэлхийн аваргад зохион байгуулагч орон болох Францын тамирчид илүүрхэж, аваргын төлөөх барилдаанд эрэгтэйчүүдийн баг Бразилийг, харин эмэгтэйчүүд Японы багийг ялснаар Францын жүдочид багийн дэлхийн аваргад үнэмлэхүй ялалт байгуулжээ. Эрэгтэйчүүдийн төрөлд Япон болон БНСУ-ын баг, эмэгтэйчүүдийн төрөлд Куба болон Германы баг хүрэл медалийн эзэд болсон байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж