Британичууд Сирт хот дахь Кадафийн нуувчийг устгав

Хуучирсан мэдээ: 2011.08.29-нд нийтлэгдсэн

Британичууд Сирт хот дахь Кадафийн нуувчийг устгав

Британийн Нисэх хүчний Tornado онгоцнууд Сирт хот дахь Каддафийн нууц бэхлэгдсэн байрыг агаарын цохиолтоор наймдугаар сарын 26-нд устгасан байна.

Британийн нисэх хүчний офицер тодруулан хэлснээр энэ ажиллагаанд газар доорх нууц байрыг устгах Storm Shadow гэх далавчит пуужинг ашиглажээ. Триполи унасны дараа уг бункерийг Каддафийн талынхан нөөц командын байр болгон ашиглаж байж магадгүйг офицер хэлсэн байна. Каддафийн төрсөн хотын захын дүүргүүдэд НАТО-гийн онгоцнууд хуягт техник болон пуужингийн сууриудыг устгах ажиллагааг үргэлжлүүлж байна. 

Муаммар Каддафийн төрсөн хот руу босогчдын отрядууд зүүн ба баруун хэсгээр дөхөн цугларч сөргөлдөөний гол төв болсон хотыг эзлэхээр бэлтгэж байна. Үүний зэрэгцээ Шилжилтийн үндэсний зөвлөлийн төлөөлөгчид Сиртэд амьдардаг омгуудын ахлагч нартай хотыг авах талаар хэлэлцээр хийж байгаа гэнэ.

Энэ цагаар тус орны зүүн хэсэг Бенгази хотноо босогчид “жижиг арми” байгуулан зүүн өмнөд хэсгийн нефтийн талбай ба дэд бүтцийг хамгаалахаар илгээсэн байна. сөрөг хүчнийхэн тун удалгүй нефтийн экспортоо эхлүүлэхээр төлөвлөжээ. Нефть олборлолт ба тээвэрлэлтийг өнгөрсөн гуравдугаар сард зогсоосон байлаа. Байлдааны явцад нефтийн олон байгууламж эвдэрч сүйрсэн байна. Триполи хотод одоо ч буун дуу гарсаар байна. Гэхдээ хот ерөнхийдөө хэвийн амьдралдаа эргэн орж байна. Зарим нэг дэлгүүр хоршоо нээгдсэн байна. Энэ бүгдийн зэрэгцээ хурандаа ба түүний хамаатан садны тухай тодорхой мэдээлэл алга байна.

Ш.Мягмар

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж