Босогчид мөнгө гуйж байна

Хуучирсан мэдээ: 2011.08.29-нд нийтлэгдсэн

Босогчид мөнгө гуйж байна

Ливийн засаг солигдсоны дараа эдийн засгийн хямрал гарч цалин хөлс тавихад хүндрэлтэй болж байна. Үүнийг газар авахуулахгүйн тулд дэлхийн хамтын нийгэмлэг босогчдод тусламж үзүүлж эхэл­лээ. Энэ хавар Ливийн төрийн ком­па­ниудын битүүмжлэгдсэн мөнгө­нөөс 1,5 тэрбумыг гаргаж өгөхийг АНУ-д НҮБ-ын Аюулгүйн зөвлөл зөвшөөрлөө. Гэхдээ мөнгийг хувьс­галчдад өгөхгүй харин зуучлагч болох АНУ ба олон улсын агентлагууд авна. Байлдаан хараахан төгсөөгүй байгаа Ливийн нийслэлд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээ европчууд амлаад байна.

Өнгөрсөн баасан гаригт хувьс­галт засаглалын төлөөлөгчид лхагва гаригийн шөнө эзэлсэн Триполи хотоос үйл ажиллагаагаа явуулж эхэлснийг зарлав. Шинэ засгийн анхан шатны зорилт нь эдийн засгийн хямралын аюултай тэмцэх бөгөөд хүмүүнлэгийн асуудлыг шийдэх явдал байх гэнэ. Триполи хотод баасан гаригт байлдаан үргэлжилсэн ба Каддафид үнэнч хүчнийхэн Баб-эль-Азизийн дарангуйлагчийн өргөөг эргүүлэн авахаар оролджээ. Хотод ундааны ус болон хүнсний хомсдол мэдрэгдэж байна. Босогчдын яриагаар цалин хөлс тасалдаж магадгүй гэнэ. Арабын нэгдсэн эмиратад суугаа Шилжилтийн үеийн үндэсний зөвлөлийн (ШҮҮЗ) төлөөлөгч Ареф Али Найедын яриагаар төрийн албан хаагчдын цалинг төлөх асуудлыг нэн тэргүүний үүрэг гэж босогчид үзэж байгаа гэнэ. “Каддафи хэдэн сараар цалинг нь тэдэнд төлөөгүй учраас бид үүнийг хийж чадвал ШҮҮЗ давуугаа харуулж чадна” хэмээн “The New York Times” сонинд Төрийн нарийн бичгийн даргын туслах Жеффри Фелтман мэдэгджээ. Тэрээр Ливид туслах доноруудын Стамбул хотноо болсон бага хуралд пүрэв гаригт оролцсон байв.

Долоо хоногийн сүүлч гэхэд нийтдээ 2,5 тэрбум ам.доллар орж ирнэ гэсэн найдвартай байгаагаа ШҮҮЗ-ийн Гүйцэтгэх хорооны тэргүүн Махмуд Жибриль мэдэгдсэн байна. Гэтэл НҮБ-ын Аюулгүйн зөвлөл өнгөрсөн пүрэв гаригт АНУ-д битүүмжлэгдсэн Ливийн төрийн компаниудын данснаас 1,5 тэрбум долларыг нээх зөвшөөрөл өгчээ. Хэдийгээр өмнө нь Аюулгүйн зөвлөлийн хориг арга хэмжээний комисст мөнгө гаргахад нь ӨАБНУ хориг тавьсан байснаа комисс нь санал нэгтэйгээр 1,5 тэрбум доллар гаргахыг зөвшөөрсөн юм. Эцсийн дүнд Аюулгүйн зөвлөлийн шийдвэээр нээгдсэн мөнгийг босогчдын Засгийн газрын хэрэглээнд зориулна гэсэн заалтыг оруулсангүйгээр уг зөвшөөрлийг гаргажээ.

АНУ-д нээгдсэн мөнгө нь босогчдод шууд очихгүй бөгөөд түүнийг АНУ эсвэл олон улсын хүмүүнлэгийн агетлагууд зуучлан зарцуулахад нь хяналт тавих гэнэ. Уг мөнгийг 500 сая доллараар гурван транш болгон хувааж өгөх юм. Тэдний транш нь НҮБ-ын Дүрвэгсэдийн дээд комиссариатын дансанд орох бөгөөд хоёр дахь хэсэг нь босогчдын эзэлсэн нутгийн эрчим хүчний хангамжийг сэргээх, Америкийн компаниудад очино. Гурав дахь хэсгийг нь Катарын байгуулсан Ливийг дэмжих сангийн мэдэлд шилжүүлэх ажээ. Сангийн үйл ажиллагааг өнгөрсөн пүрэв гаригт Стамбул хотноо цугларсан 30 орон болон олон улсын байгууллагынтөлөөлөгчдийн хэсэг удирдах юм.

ШҮҮЗ-ийн төлөөлөгч Фатхи Баджа мэдэгдэхдээ Ливийг дэмжих санхүүгийн дэмжлэгийн мөнгө бага гэхдээ “шууд хэрэглээний шаардлагыг хангахад хэрэгтэй” гэжээ. Гадаад орнуудад битүүмжлэгдсэн Ливийн хөрөнгө нь 100-160 тэрбум ам.доллар юм. Тэднээс шинэ засаг наад зах нь таван тэрбумыг авах сонирхолтой байна. Битүүмжлэгдсэн хөрөнгийн ихэнхийг мөнгө болгож болохгүй бөгөөд тэр нь үл хөдлөх хөрөнгүүд байна. Зөвхөн АНУ-д битүүмжлэгдсэн 38 тэрбумын дөнгөж гурван тэрбум нь бэлэн мөнгө юм. Тиймээс олон улсын хамтын нийгэмлэгээс Ливийг дэмжих Катарын санд шууд санхүүгийн тусламж оруулахыг шаардаж байна. Өөрийн талаар санд Кувейт, Турк хоёр мөнгө оруулаад байна.

Ливийг дэмжсэн улс орнуудад Засгийн газар нь өртэй үлдэхгүй гэж ШҮҮЗ-ийн тэргүүн Мустафа Абдель Жалиль амлажээ. “Тус дэм болж байсан орнуудад нэн ялангуяа Ливийн хөгжилд оролцоход нь бид тааламжтай нөхцлийг нь бий болгож өгнө. Бидэнд үзүүлсэн дэмжлэгийнх нь хэмжээгээр бид тэдэнтэй хамтарна” хэмээн Жалиль Бенгазид мэдэгдсэн байлаа. Зарим орнууд энэ амлалтыг нь ашиглаж эхэлсэн байна. Өнгөрсөн долоо хоногт Ливийн битүүмжилсэн байсан 350 сая евроны дансыг нээж буйгаа Италийн ерөнхий сайд Сильвио Берлускони зарлав. Арабын Нэгдсэн Эмират 500 сая долларын битүүмжлэлээ цуцлахаар  амлав.

Эдгээр хөрөнгийг хүмүүн­лэгийнх нь зориулалтаар ашиглахын тулд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн зөвшөөрөл хэрэгтэй. Ром бие даан Ливийн шилжилтийн Засгийн газрыг дэмжихээр болж байна. Эрчим хүчний концерн Eni оЛивийн хэрэгцээнд зориулан бензин ба дизелийн түлшийг зээлээр олгох болов. Тусламжийн төлбөрийг Ливи түүхий нефтиэр хийх юм байна.

Харин Орос, Хятад Ливийн хөрсөнд буцан очихын тулд асуудал гарч магадгүй юм. Босогчдын байгуулсан нефтийн AGOCO (The Arabian Gulf Oil Company) шинэ компани өнгөрсөн даваа гаригт мэдээлэхдээ “Бидэнд барууны компаниудтай асуудал байхгүй. Харин зарим нэг улс төрийн асуудал Орос, Хятад, Бразилид байгаа” гэснийг Reuters иш татан мэдээлжээ.

Хүмүүнлэгийн тусламжийг зүүнд нь Каренайкийн, баруун хэсэгт нь Нафусын уулын бүсийн сувгаар дамжуулан хүргэнэ гэж АНУ-ын засаг захиргааны эх сурвалж мэдээлсэн байна. Цэргийн нисэх хүчин ба флотыг энд ашиглахаар ярилцаж байгаа ажээ. Одоо хамгийн гол нь “тусламж хариуцсан хүн буюу байгууллага байхгүйд асуудал оршиж байна” хэмээн эх сурвалж хэлсэн байлаа.

Иргэний дайны дараа олон улсын хамтын нийгэмлэг Ливийн сэргээн босголтод хэрхэн туслах талаар ярилцах бага хурал зохион байгуулж буйгаа өнгөрсөн лхагва гаригт Францын ерөнхийлөгч Ни­коля Саркози, Их Британийн ерөн­хий сайд Дэвид Кэмерон нар зар­ласан юм. Олон улсын бага хурал Парис хотноо есдүгээр сарын 1-нд хийх тухай Саркози хэлсэн байв. Тэнд босогчдод таагүй хандаж бай­сан Энэтхэг, Орос, Хятад уригджээ. Каддафийн эсрэг эвслийн орнууд энэ асуудлыг удирдах болж байгааг Францын Гадаад хэргийн сайд Ален Жюппегийн үгнээс харж болно. Тэр нь НҮБ-ын хяналтад байх ёстойг Москва, Бээжин хоёроос гадна Европын нийслэлүүд шаардаж буй.

Ш.Мягмар

"Ардын эрх" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж