Нью-Йоркийн онгоцны буудлуудыг хаалаа

Хуучирсан мэдээ: 2011.08.28-нд нийтлэгдсэн

Нью-Йоркийн онгоцны буудлуудыг хаалаа

Умард Каролина мужид асар их хохирол учруулсан Ирини хар салхи АНУ-ын зүүн эргийг чиглэсэн нь дэлхий нийтийн анхаарлыг татаад байна.  Хар салхи Умард Каролина, Виржиниа, Флорида мужид найман хүний амь насыг авч одсон байна. 800 км үргэлжилсэн хар салхи 129 км/ц хурдтайгаар зүүн эргийг чиглээд байгаа ажээ. Цаг уурын шинжээчдийн мэдээлж буйгаар Нью-Йорк болон бусад томоохон хотууд хар салхины чиглэж буй замд байгаа юм. Тиймээс болзошгүй шуурга болон үерээс сэргийлэн хоёр сая гаруй хүнийг орон гэрээ орхин нүүхийг анхааруулаад байна. Мөн Нью-Йорк хотын нам дор бүсэд оршин суудаг 300,000 гаруй  оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх асуудал яригдаж байгаа аж.

Бямба гаригийн оройны байдлаар Нью-Йоркт  70,000 хүний багтаамжтай 90 гаруй хорогдох байрыг нээгээд байгаа бөгөөд одоогоор  5,500 гаруй хүнийг хорогдох байранд оруулаад байна. Салхины хурд маш аюултай байгаа тул Нью-Йоркийн метро болон авто тээврийн бүх үйлчилгээг бямба гаригийн оройноос эхлэн бүхэлд нь  зогсоож, нисэх онгоцны буудлуудыг цаг агаарын таагүй үзэгдлийн улмаас даваа гариг хүртэл хаагаад байна. Албаны хүмүүсийн мэдэгдэж буйгаар зам, тээвэр болон нисэх онгоцны буудлын үйл ажиллагааг хаах шийдвэрийг цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж үргэлжлүүлж магадгүй байна.

Түүнчлэн АНУ-ын эрчим хүчний пүүс Con Edison газар доогуурх хийн шугамнуудыг болзошгүй дэлбэрэлтээс сэргийлэн хаах болсныг мэдэгдээд байна. Тус улсын ерөнхийлөгч Барак Обама Вашингтонд яаралтай хуралдаж, хар салхинаас сэргийлэх болон онц байдлын үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар албаны хүмүүстэй зөвшилцөж байгаа талаар BBC агентлаг мэдээлжээ.

Зургийн цомог үзэх

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж