JCI-ийн ерөнхийлөгч айлчилж байна

Хуучирсан мэдээ: 2011.08.28-нд нийтлэгдсэн

JCI-ийн ерөнхийлөгч айлчилж байна

“JCI Монгол” байгууллагын 2011 оны Үндэсний Ерөнхийлөгч Б.Батзаяагийн урилгаар JCI байгууллагын 2011 оны Ерөнхийлөгч ноён Кентаро Харада наймдугаар сарын 27-ноос 28-ны өдрүүдэд манай улсад албан ёсны айлчлал хийж байна.

Өчигдөр JCI байгууллагын 2011 оны Ерөнхийлөгч ноён Кентаро Харадаг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд хүлээн авч уулзсан байна. Ноён Кентаро Харада өчигдөр мөн “JCI Монгол” байгууллагын 2011 оны удирдлагын баг, JCI Салбар байгууллагуудын Ерөнхийлөгчидтэй албан ёсны уулзалт хийж, “JCI Монгол” байгууллагын нийт гишүүдтэй ярилцлага өрнүүлжээ.

JCI байгууллагын 2011 оны Ерөнхийлөгч ноён Кентаро Харада 2011 оны үйл ажиллагааны үндсэн төлөвлөгөөндөө "Хүний аюулгүй байдал"-д онцгойлон анхаарч ажиллах, OMOIYARI хөдөлгөөний дэлхий дахинаа түгээн дэлгэрүүлэх, НҮБ-ын Даян дэлхийн гэрээг /Global Compact/ идэвхитэй дэмжиж ажиллах зэрэг зорилтуудыг тавин ажиллаж байгаа. Эдгээр зорилтуудын хэрэгжилтийг JCI Монгол байгууллага бүрэн дүүрэн хангаж ажиллаж байгаад ноён Кентаро Харада сэтгэл хангалуун байгаагаа энэ үеэр илэрхийлжээ.  

Дэлхийн мянга мянган залуусыг эгнээндээ нэгтгэсэн JCI Байгууллагa     анх 1944 онд анхны Олон улсын хурлаа Мексик улсад хийснээр байгуулагдсан түүхтэй. Өнөөдөр JCI байгууллага дэлхийн 120 гаруй оронд 5000 орчим салбартай, 18-40 насны 200.000 гаруй идэвхитэй гишүүд, 1.000.000 орчим дэмжигч гишүүдтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа ажээ.

JCI байгууллага нь Дэлхийн хэмжээнд залуу удирдагчид, ажил хэрэгч хүмүүсийн сайн дурын үндсэн дээр идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг байгууллага болохын хувьд НҮБ-ын ЮНИСЕФ, ЮНЕСКО-н үйл ажиллагаанд байнга идэвхитэй оролцож, дэлхийн хэмжээнд танигдсан олон улсын залуучуудын байгууллага юм.

JCI байгууллагын Монгол улс дахь салбар "JCI Монгол" байгууллага нь 1994 онд Дэлхийн JCI байгууллагын бүрэн эрхт гишүүн байгууллага болсон бөгөөд өдгөө 9 салбар байгууллагын 480 гаруй гишүүдийг эгнээндээ нэгтгэсэн Монголын тооохон залуучуудын байгууллага болж, жилээс жилд өргөжин хөгжиж байна. 2011 онд “JCI Монгол” байгууллага “Эерэг өөрчлөлтийг бүтээцгээе” уриатайгаар залуу үеийг хөгжүүлэх, нийгмийн сайн сайхны төлөө олон ажлуудыг санаачлан, хэрэгжүүлж зохион байгуулж байгаа билээ.

JCI Байгууллага өмнө нь НҮБ-ын нягт хамтын ажиллагаатай түнш байгууллага байсан бол 2011 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн JCI Байгууллага НҮБ-ын зөвлөх стасустай байгууллага болсон юм. Энэхүү баярт мэдээг хэдхэн хоногийн өмнө JCI Байгууллагын  төв удирдлагаас JCI Монголын Байгууллагын 2011 оны Ерөнхийлөгч Б.Батзаяад ирүүлсэн байна. Энэхүү баярын захидалд JCI Монголын бүх гишүүдийн оролцоо, идэвхи зүтгэл энэхүү  НҮБ-ын зөвлөх стасустай байгууллага болоход өндөр хувь нэмэр оруулсныг дэмдэглээд, JCI Монголын гишүүдэд халуун баяр хүргэсэн. Энэ цаг хугацаанд Монгол Улсад JCI байгууллагын 2011 оны Ерөнхийлөгч ноён Кентаро айлчилж байгаа нь  JCI Монголын нэр хүнд, Монголын залуучуудын нэр хүндийг илтгэж байгаа юм.

Мөн JCI Монгол байгууллагаас JCI Дэлхийн Байгууллагад олон залуучууд өндөр албан тушаал хашиж байгаа бөгөөд энэ жил 2011 онд JCI Дэлхийн Байгууллагын Ерөнхий санхүүчээр JCI Монгол байгууллагын 2009 оны Ерөнхийлөгч Ө.Батбаяр ажиллаж байгаа нь Монгол залуучууд дэлхийн залуучуудыг удирдаж байгаа томоохон бахархал билээ.
Үүнээс гадна JCI Байгууллагын Дэлхийн Чуулган ирэх 11 дүгээр сард Белги улсад зохион байгуулагдах бөгөөд JCI Байгууллагын 2011 оны Ерөнхий санхүүчийн алба хашиж байгаа Ө.Батбаяр JCI Байгууллагын 2012 оны Тэргүүн Дэд Ерөнхийлөгчид өрсөлдөхөөр нэр дэвшээд байгаа ажээ.

Б.Энх

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж