103 ачаалал ихтэй ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2011.08.27-нд нийтлэгдсэн

103 ачаалал ихтэй ажиллаж байна

Нийслэлийн Яаралтай тусламжийн төв 103-тай утсаар холбогдоход өнөөдрийн 09.00-17.00 цагийн хооронд иргэдээс 200 орчим дуудлага хүлээж авчээ. Осол, аваар, төрөх дуудлага нэлээд ирж байгаагаас бусад дуудлагад хүрч очих дуудлагын цаг хойшлогдож цаг багагүй алдаж буй аж. Үүнээс болж, иргэд багагүй бухимдлаа илэрхийлж буй юм байна. Зарим иргэд бүр “Татварын мөнгийг минь сар бүр авч байж, ирээд үзчихэд юу нь болохгүй байгаа юм бэ” хэмээн омогджээ. Ер нь 103-ынхны хувьд төрөх эхчүүд рүү яаралтай очихгүй бол тэд гэртээ төрчих аюултай байдаг гэнэ. Тиймээс аль болох цаг алдалгүй очиж, харьяалах дүүрэгт нь хүргэх шаардлагатай болдог байна. Осол, аваарын дуудлагын хувьд мөн цаг алдаж болохгүй, нэг минут алдахад тухайн хүн амь насаа алдаж ч мэдэх аюултай. Гэтэл иргэд халуурч, бүлээрсэн ч түүнийгээ 103-ын эмч дуудаж үзүүлэх сонирхолтой байдаг. Зөвлөгөө өгье гэхээр хүлээж авдаггүй үүнээс болж, багагүй зөрчил үүсдэг байна. Ер нь сүүлийн өдрүүдэд хичээлийн шинэ жил ойртсон нь 103-ынхны ачааллыг бас ихэсгэжээ. Өнөөдрийн хувьд амралтын өдөр тул иргэдийн хувьд тус төвд хандах нь их байгаа аж. Одоогоор Нийслэлийн Яаралтай тусламжийн төвийнхөн 16 эмч, 16 машинтайгаар иргэдэд эрүүл мэндийн анхан шатны тусламж үзүүлж буй юм байна. Ирж байгаа дуудлагын дийлэнх хувийг зүрх өвдсөн, даралт ихэссэн гэх дуудлага эзэлж буй ажээ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж