Сүхбаатарын талбайд суулт, өлсгөлөн зарлаж буй иргэдийн аюулгүй байдалд халдсан хэрэг өнгөрөгч даваа гаригт гарсан билээ. Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн хоёр өдөр Сүхбаатарын талбайн хоёр талын замыг 22:00-07:00 цагийн хооронд түр хугацаагаар хаасан. Цагдаагийн байгууллагаас суулт хийж буй иргэдийн аюулгүй байдлыг хангах талаар ямар ажил хийж байгааг Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Т.Сайнжаргалаас тодруулахад ”Сүхбаатарын талбай дээр суулт зарлаж байгаа иргэд аюулгүй байдлаа өөрсдөө хангах учиртай. Учир нь холбооны ерөнхий зохицуулагч Г.Уянга, Д.Батцогт нар “Жагсаал, цуглааны тухай“ хуулийн дагуу зохион байгуулагчид хэв журам, үр дагавараа зохицуулна гэсэн санамж бичигт гарын үсэг зурсан юм. Гэхдээ гарын үсэг зурсан гээд цагдаагийнхан ямар ч хараа хяналтгүй орхиогүй. Цагдаагийн байгууллагын зүгээс нийгмийн хэв журам сахиулах , гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүднээс Сүхбаатарын талбайн орчим эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна. Хөдөлгөөнт эргүүлийн албанаас болон Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийхэн хуваарийн дагуу ажиллаж байна.Энэ нь жагсаал цуглааныг далимдуулан нийгмийн хэв журмыг ямар нэгэн байдлаар зөрчихөөс урьдчилан сэргийлж байгаа болохоос суулт өлсгөлөн зарласан иргэдийг хамгаалж байгаа хэрэг биш” гэв .
П.Дэлгэр
П.Дэлгэр