Иргэд цалингаараа байртай болох боломж бүрдлээ

Хуучирсан мэдээ: 2011.08.26-нд нийтлэгдсэн

Иргэд цалингаараа байртай болох боломж бүрдлээ

Монголчуудын нэгэн үе эрийн гурван наадмаа хийдэг байсан Яармагийн дэнж
эдүгээ мянган мянган айлын гал голомтоо бадраасан цогцолбор хороолол
болох нь.

Богд уулын ар хормойд сүндэрлэн босох “Шинэ Яармаг” хорооллын шав тавих
ёслол өнөөдөр болж, тус арга хэмжээнд Монгол улсын Ерөнхий сайд
С.Батболд болон манай улсад айлчлал хийж байгаа БНХАУ-ын коммунист намын
төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Төв хорооны
намын улс төр, хуулийн хорооны нарийн бичгийн дарга Жоу Юнкан нар
оролцлоо.

Монгол улсын Засгийн газраас иргэдээ орон сууцжуулах ажлыг эрчимжүүлж,  
орон сууцны зээлийн хүүг хамгийн бага түвшинд байлгах замаар хүн амыг
орон сууцаар хангах ажлын эхний томоохон алхам энэ болж байна гэдгийг
Ерөнхий сайд С.Батболд тус арга хэмжээний үеэр тэмдэглэн хэллээ. Энэ ч
үүднээс Хөгжлийн банкаар дамжуулан 800 тэрбум төгрөгийн санхүүжилтын эх
үүсвэрийг шийдсэнээр иргэд  хямд эх үүсвэртэй урт хугацааны бага хүүтэй
зээлд хамрагдах боломжтой болсон төдийгүй орон сууцных нь зай талбай ч
бас тэдэнд дөхөмтэй байгаа.   Иргэдээ орон сууц худалдан авах боломжийг
гарган өгч байгаа нь хамгийн ач холбогдолтой хэрэг гэдгийг Засгийн
газрын тэргүүн онцолж байв.  Өөрөөр хэлбэл иргэдэд олгож буй орон сууцны
зээлийг 6 хувьд хүргэх шийдвэрийг Засгийн газраас гаргасан байгаа
гэдгийг дурьдаад,    энэ  шинэ хороололд Яармагийн гэр хорооллынхныг
түлхүү оруулах бодлого барьж байгаа төдийгүй, төвийн дүүргийн гэр
хорооллын иргэдээ ч боломжтой үнээр, тохилог аятайхан нөхцөлд амьдруулах
таатай боломжийг Засгийн газар эрэлхийлэн ажиллаж байна  хэмээн 
Ерөнхий сайд С.Батболд  тэмдэглэлээ.

“ Шинэ яармаг” хороолол нь нийтдээ 15 мянган айлын орон сууц, сургууль,
цэцэрлэг, худалдаа үйлчилгээ, эрүүл мэндийн төв, мэргэжлийн сургалт
үйлдвэрлэлийн төвүүдтэй  иж бүрэн цогцолбор хороолол болох бөгөөд
Улаанбаатар хотод 3.4 дүгээр хорооллоос хойш баригдаж байгаа хамгийн том
бүтээн байгуулалт юм байна. Монгол улсын Засгийн газраас зарласан “ 100
мянган айлын орон сууц” хөтөлбөр болон “ Шинэ бүтээн байгуулалт” дунд
хугацааны зорилтот хөтөлбөр , Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх
Мастер төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд тус хороолол нь манлайлах үүрэг
гүйцэтгэх юм. 

1966 онд Улаанбаатар хотод болсон их үерийн дараа энэ Яармагийн дэнж
дээр  иргэд анх суурьшиж, хотжих үйл явцын эхлэл болж байсан бол эдүгээ
хоёр дахь том хорооллын түүхийг бичилцэх боллоо гэдгийг ЗГХЭГ-ын дарга
Ч.Хүрэлбаатар онцолж байлаа. Иргэдэд хямд  үнэтэй орон сууц олгох
боломжийг бүрдүүлсэн БНХАУ-ын Экспорт,Импорт банкны хамт олонд талархаж
байгаагаа ч онцолсон юм.

 “ Шинэ Яармаг” төсөл амжилттай хэрэгжсэнээр цаашид орон сууцны
хорооллын төлөвлөлт, санхүүжилт, ажиллах хүчийг бэлтгэх, урт хугацааны 
моргейжийн зээл олгох гэх мэт олон асуудлыг цогцоор нь шийдэх загвар
төсөл болно хэмээн албаны хүмүүс тодотгож байна. Уг төслийг Монгол улсын
Засгийн газар, ЗТБХБЯ, Үндэсний компаниудын нэгдэл “ Юнайтэд Прожектс”
групп компани, БНХАУ-ын Гэжоуба групп компани хамтран хэрэгжүүлэх бөгөөд
БНХАУ-ын Экспорт, Импорт банкны хөнгөлттэй зээлийн хүрээнд энэхүү
төслийг хэрэгжүүлэх юм.  “ Шинэ Яармаг” хорооллын барилгын дундаж үнэ нь
ойролцоогоор  м2 нь 700-800 ам.доллар байх юм байна гэж Засгийн газрын
Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж