
Харин хорих ангиас оргосноос хойш бараг нэг сарын хугацаа өнгөрөөд байхад баригдаагүй байсан Г.Алтангэрэл, О.Мөнхбаатар нарыг өнөөдөр саатуулан баривчилжээ. Тэднийг энэ сарын 26-ны 01.30 цагт Сэлэнгэ аймгийн Сант сумын нутаг дэвсгэр Хүнцэлтэйн ам гэх газраас тус аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны хошууч С.Отгонбаяр, ахмад Б.Баярцогт, дэд ахлагч Ж.Төмөрсүх нар баривчилсан байна. Тэд тус сумын эрлийн ууланд бүгж байгаад баригджээ. Сэлэнгэ аймгийн Шийдвэр гүйцэтгэх алба, Дархан-Уул аймгийн хорих 435, 445 дугаар анги, Орхон аймгийн Шийдвэр гүйцэтгэх албаны шуурхай группын албан хаагчид, Хөтөл сум дахь цагдаагийн хэсгийн таван алба хаагч, Сант сумын оршин суугч хоёр иргэн нийт 21 хүний бүрэлдэхүүнтэй эрлийн хэсэг дөрвөн бүлэг болон тухайн газарт эрэн сурвалжлах ажиллагааг явуулсан байна.
Хэдийгээр хоригдлууд урьдчилан тохирч, зохион байгуулалттай оргоогүй ч энэ үйлдлээс нь болж тэдний ял нэмэгдэх аж. Тус хорих ангийн харуул хамгаалалт сул, хариуцлага алдсан тул хорих ангиас хоригдлууд оргосны дараа удирдлагуудыг нь халах шийдвэр гаргасан билээ.