Хойд Солонгос цөмийн зэвсэгт хориг тавихаар болов

Хуучирсан мэдээ: 2011.08.26-нд нийтлэгдсэн

Хойд Солонгос цөмийн зэвсэгт хориг тавихаар болов

Дмитрий Медведев Хойд Солонгосын лидер Ким Чен Иртэй Буриадад уулзлаа. Уулзалт нь Хушин төгөл гэх цэргийн горнизоны дэвсгэрт болжээ. Хоёр лидер сибирь хавч, Байгалийн цагаан загас зооглосон шиг хэд хэдэн тохиролцоонд хүрчээ. Хэлэлцээрийн явцад БНАСАУ-ын лидер цөмийн туршилт ба цөмийн зэвсгийн үйлдвэрлэлд хориг тавих асуудлаа шийдэхээр амлалаа. Мөн Өмнөд Солонгос руу байгалийн хий дамжуулах хоолойг барих нөхцлийг судлах тусгай комисс байгуулахаар тохиролцсон байв.

Өнгөрсөн бямба гаригт Орост айлчлахаар өөрийн хуяагт галт тэргээр ирсэн Ким Чен Ир айлчлалынхаа гол цэг болсон Буриадын Заиграевын районы Сосновый Бор гэсэн цэргийн гарнизонд ирэв. Тэндхийн хаалттай бүсэд тэр Дмитрий Медведевтэй уулзан ярилцжээ. Харилцан тааламжтай үгс хэлснээр тэдний уулзалт эхэлсэн байна. “Тантай уулзаж байгаадаа маш баяртай байна. Бид танилцсанаас хойш арван жилийн дараа дахин уулзлаа” гэж Ким хэлэв. “Тийм ээ, бид Пхеньянд уулзаж билээ. Надад тэр уулзалтаас маш сайхан сэтгэгдэл үлдсэн” хэмээн Медведев хариуд нь хэлэв. “Та надтай уулзахаар Буриадад ирсэнд талархалаа илэрхийлье” хэмээн Ким Чен Ир тэмдэглэв. “Энэ бол манай улс. Манайх хамтрагч, хөрштэйгөө уулзахад замын хол огт хамаагүй. Эдгээр хоногууд сонирхолтой өнгөрч, та хүссэн зүйлээ үзэж харсан гэж найдаж байна” хэмээн Медведевыг хэлэхэд “Бидний төлөө халамж тавьсаны буянаар бид хөгжөөнтэй, тааламжтай явж ирлээ” гэж Ким Чен Ир хариулав. Үүний дараа тэд хаалттай хэлэлцээрээ эхэлжээ.

Дараа нь Медведевын хэвлэлийн төлөөлөгч Наталья Тимаковагийн хэлснээр Солонгосын хойгийн цөмийн асуудлаар ямар нэгэн урьдчилсан нөхцөл шаардахгүйгээр БНАСАУ хэлэлцээрт ороход бэлэн гэдгийг  Ким Чен Ир Медведевт мэдэгджээ. Зургаан талт гэрээнд орсоны дараа хэлэлцээрийн явцад тэд цөмийн материалын үйлдвэрлэл, туршилтад хориг тавихад бэлэн гэдгээ тохиролцоно гэжээ. Гэхдээ хэлэлцээрийг эхлүүлэх  товыг хэлээгүй гэнэ. Цөмийн асуудлаас гадна Оросын байгалийн хийн хоолойг Өмнөд Солонгос руу тавих асуудлын талаар ярилцаад түүнийг бариулах нөхцлийг судлах тусгай комисс байгуулахаар болсон байна. “Миний ойлгосноор Орос, Өмнөд Сологосыг оролцуулсан гурван талт төслийг хэрэгжүүлэхэд БНАСАУ сонирхож байна. Одоо техникийн асуудлыг шийднэ” гэж Медведев хэлсэн байлаа.

Хоёр лидерийн уулзалтаар Хойд Солонгосын өрийн асуудал мөн хөндөгджээ. Хуучин Зөвлөлтийн үед Хойд Солонгос 11 тэрбум ам.долларын өрөнд оржээ. Тухайн үед Зөвлөлт нэг долларыг 60 копейкаар тооцон зээлийг олгож байжээ. Харин тэр өрийг Хойд Солонгос хүлээн зөвшөөрч байгаа эсэх нь тодорхой бус. Өрийг төлөхийн тулд Хойд Солонгос Орос улс Зөвлөлтийн хууль ёсны залгамжлагч гэдгийг хүлээн зөвшөөрсөн байх ёстой. Энэ талаар цаашид яригдах бололтой.

Рублийн тооцоо хийх аргын талаар эхлэн тохиролцоод өрийн бүтцийг шинээр тоолон гаргах болж байгаа гэнэ. Хэлэлцээрт өрийн бүтцийн талаар яригдсан гэнэ.
Орос зочноо юугаар дайлсан цэс энэ бүхний дараа нь тодорхой болов. Оросын тал Хойд Солонгосын лидерт Камчатскийн хавчийг авокадо ба лайм жимстэй, ногоон салаттай хавчийн мах, загасны түрстэй бин, туглын ястай мах мөн цагаан загасны мах зэргийг янз бүрийн сүмстэйгээр санал болгожээ. Шинэ жимс, зөгийн балтай мөхөөлдөс зэргийг десертэд өгсөн гэнэ.

Ким Чен Ир Орост долоо хоног болно гэсэн яриа байв. Лхагва гаригийн 14:20-д Кимийн галт тэрэг Улаан-Үдээс зүүн тийш хөдөлжээ. Айлчлалынхаа үеэр тэр дэлхийн хамгийн том Ленины толгойг дүрсэлсэн хөшөөнд хүндэтгэл үзүүлж, дэлгүүрээр орж үзжээ.

Цөмийн асуудлаар тэр иймэрхүү амлалтыг 10 жилийн өмнө Владимир Путинд өгөөд нутагтаа ирсний дараа амлалтаа биелүүлээгүй юм. Тиймээс түүний амлалтад итгэхэд бэрхтэй. Харин байгалийн хийн хоолой нь Хойд Солонгосыг эдийн засгийн тусгаарлагдмал байдлаас нь гаргахад нэмэр болно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж