Каддафийн зугталтын тактик

Хуучирсан мэдээ: 2011.08.26-нд нийтлэгдсэн

Каддафийн зугталтын тактик

Муамар Каддафи хаана байгаа нь тодорхойгүй, гэхдээ нэг шөнийн дотор хоёр удаа радиогоор илгээлтээ уншуулав. Триполи хот дахь өргөөгөө алдсаныг тэрээр “тактикийн маневр” гэж хэлээд нийслэлийг урван тэрслэгчдээс чөлөөлөхийг ливичуудад хандан уриалжээ. Шөнө нь Засгийн газрын цэргийн үлдэгдэл нийслэлийг мөндөр мэт галладаг төхөөрөмжөөр буудсан байна. Каддафийн төрсөн Сирт  хотноо түүний талынхан алдагдсан байрлалаа эргүүлэн авах аянд бэлтгэж байгаа гэнэ.

Муамар Каддафи лхагва гаригт шилжих шөнө ливичуудад радиогоор хандан Баб аль-Азизия дүүрэг дэх хамгаалалтай өргөөнөөсөө зайлснаа НАТО-гийн бөмбөгдөлтийн дараа хийсэн “тактикийн маневр” гэж нэрлэжээ. Ливийн дарангуйлагчийн илгээлтийг орон нутгийн нэгэн радио дамжуулсан ба дараагийнх нь илгээлтийг Кувейтийн al-Rai TV суваг дамжуулсан байлаа.

“Нуувчуудыг НАТО-гийн 64 удаагийн бөмбөгдөлтөөр бараг газартай тэгшилсэн” гэж Каддафи хэлснийг Reuters ишлэн дамжууллаа. Телевизээр дамжуулсан илгээлтдээ улс орныхоо оршин суугчдад хандан нийслэлийг булаан эзлэгчдээс чөлөөлөхийг уриалжээ. Дараа нь Каддафи түрэмгийллийн эсрэг ялалт эсвэл үхэл гэсэн өөрийн ээлжит үгээ хэлэв. “Бүх ливичууд Триполид ирсэн байх ёстой. Залуучууд, эмэгтэйчүүд, омгийн төлөөлөгчид Триполид дайран орцгоож түүнийг урван тэрслэгчдээс чөлөөлөх хэрэгтэй” гэж Каддафи хэлжээ.

Радио станцын эфирт Ливийн Засгийн газрын төлөөлөгч Муса Ибрагим ирсэн харагдав. Тэр Ливийг “Галт уулын халуун хайлмаг, гал болгоно” гэж амлав. Мөн эсэргүүцэл “Сар, бүр жилээр ч үргэлжилнэ” гэж тэр хэлжээ.

Каддафид үнэнч цэргийнхэн шөнө нь босогчдын байрлалыг “Град” буюу өмнө нь хэлсэнчлэн мөндөр асгах мэт бууддаг төхөөрөмжөөрөө буудсан байна. “Каддафийн хүчнийхэн нисэх буудлыг буудлаа” гэж  CNN-ний сурвалжлагч Арва Дэймон мэдээлжээ. Түүний хэлснээр босогчид нисэх буудлаас зүүн талд ямар нэгэн стратегийн чухал байгууламж байна гэж сэжиглэж байгаа гэнэ. Учир нь тэнд босогчдын хүчин хамгийн ширүүн эсэргүүцэлтэй тулгарсан байна.

Лхагва гаригт босогчдын амссан хохирлын талаарх анхны мэдээлэл гарлаа. Ливийн нийслэлийн төлөөх тулаанд сөрөг хүчний талаас наад зах нь 400 хүн үрэгдэж, 2000 орчим хүн шархаджээ хэмээн Al Arabiya телевиз мэдээлэв. Үүнээс өмнө Ливийн дарангуйлагчийн төлөөлөгч Мусса Ибрагим ярихдаа “Триполийн төлөөх тулалдаанд ням гариг гэхэд 1300 хүн үрэгдсэн” гэжээ.

Хот элдэв түгшүүртэй ярианд автжээ. Шөнө Триполи хотын усыг хордуулсан гэж ярьж байв. Энэ талаар “Тиймээс усны дамжуулах хоолой, булаг, шандыг одоо шалгаж байгаа юм. Өмнө нь хоёр хүн эмнэлэгт хордсон байдалтай хүргэгджээ. Нэвтрэн өнгөрүүлэх цэгүүдэд ус ууж болохгүй гэсэн сануулга өгчээ” хэмээн Бенгазид гардаг босогчдын Libya Al HurraTV телевиз мэдээлжээ. Триполид усыг хордуулсан гэх яриа ихээхэн газар авсныг ВВС-гийн сурвалжлагч нар батлан дамжуулж байна. Мөн тэнд гарч буй яриагаар одоо Засгийн газрын цэргийн хяналтад байгаа Каддафийн төрсөн Сирт хотноо Триполид довтлох хороонуудыг зохион байгуулж байгаа гэжээ.

Энэ үеэр Каддафийн эсрэг талынхан улс орондоо шинэ засаглал тогтоохоор бэлтгэж байна. Хэд хоногийн дараа Үндэсний шилжилтийн зөвлөлийг Бенгазигаас Триполид татан авчирна. Өмнө нь босогчид Ливийн нийслэл дэх Каддафийн бэхлэлт хамгаалалттай  Баб аль-Азизия дүүрэг дэх өргөөг дайрсан. Бүхэл өдрийн турш сөрөг хүчин НАТО-гийн нисэх хүчний дэмжлэгтэйгээр өргөөг дайраад орой нь эзлэн авсан байна. Гэсэн ч Каддафи ч, түүний гэр бүлийнхэн нь ч тэнд байгаагүй аж. Дарангуйлагч хаа байгаа нь тодорхой мэдээлэл алга.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж