Ө.Хэрлэнчимэгийн ар гэрийнхэн мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2011.08.26-нд нийтлэгдсэн

Ө.Хэрлэнчимэгийн ар гэрийнхэн мэдээлэл хийнэ

Насанд хүрээгүй  охины амийг санаатайгаар бүлэглэн хөнөөсөн хэргээр бүх шатны шүүхээс 20 жилийн хорих ял сонссон Ө.Хэрлэнчимэгийн ар гэрийнхэн өнөөдөр 11.00 цагт Хэвлэлийн хүрээлэнд мэдээлэл хийхээр болжээ. Тэд Ө.Хэрлэнчимэгт холбогдох эрүүгийн  хэрэг хэлмэгдүүлэлт байсан гэж үзэж байгаа тул байр сууриа илэрхийлэх гэнэ. Ө.Хэрлэнчимэг болон түүний найз залуу Ж.Очбадрах нарын найман хүнд холбогдох хэргийг өнгөрөгч зургадугаар сард Дээд шүүх хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталсан юм. Тухайн үед Ж.Очбадрахын ээж шүүхийн шийдвэрт гомдолтой  байгаагаа илэрхийлж байв. Анхан шатны болон давж заалдах шатны шүүхээс  Ө.Хэрлэнчимэг  Ж.Очбадрах нарт тус бүр 20 жил, зургаан сар, С.Гантуяа, Ү.Ганболд, Д.Сарантуяа нарт тус бүр 17 жилийн хорих ял оноосон бол Д.Отгонжаргал, Ж.Оч-Мандах, К.Тэмүүжин нарыг гэм буруугүй хэмээн цагаатгасан юм. Улмаар 17 жилийн ял сонссон С.Гантуяа, Ү.Ганболд, Д.Сарантуяа нар нь хэрэг гарах үед буюу 2008 онд насанд хүрээгүй байсан учир Өршөөлийн тухай хуульд хамруулсан билээ. Ө.Хэрлэнчимэгт эрүүгийн хуулийн 91.2.11, 114.3,  115.3,  181.3-аар буюу хүний амь санаатай хөнөөсөн, насанд хүрээгүй охидыг тэнүүчлэл, садар самуунд уруу татсан, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж танхайрсан,  энэ үйлдлээ давтан үйлдсэн хэргээр дээрх ялыг оноосон юм.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж