Ч.Сангаа дарга насанд хүрээгүй гэнэ ээ

Хуучирсан мэдээ: 2011.08.26-нд нийтлэгдсэн

Ч.Сангаа дарга насанд хүрээгүй гэнэ ээ

Хүний амьдрал юм хойно, эр эндэж эргэ нурна. Туг ч барина, тугал ч хариулна аа. Тэр л замыг энэ хурандаа туулсан. Монголчууд түүнийг Авилагатай тэмцэх газрын дарга гэж дууддаг. Төрөлхийн л энэ ажилд томилогдсон хүн гэлтэй. Одоо ч энэ ажлаа хийж л яваа. Шүүхээс өгсөн “томилолт”-ын дагуу Хүүхдийн хорих ангид ажиллаж байна. Эзгүй хойгуур нь харин элдэвийн л юм сонсогдоно шүү. Авлигыг газар дээр нь илрүүлэхээр ганц сайн ажилласных нь “шанд” түүнд тийм “томилолт” өгсөн юм гэж ойлгодог. Бодоод байхад сэжиглэсэн хүнийхээ араас мань хүн дагаж. Тэгээд хэнтэй, юу яриад байгааг нь сэмхэн чагначихаж л дээ. Энийг нь тагнуулчид маань гүйцэтгэх ажиллагаа гэдэг юм уу даа. Юун төлөө тагнуул гэдэг билээ дээ. Нууцыг нууцаар л мэддэг юм чинь. Тийм учраас гүйцэтгэх ажиллагаа нь төрийн нууцад оролгүй яах вэ. Тэгсэн чинь нөгөө сэжиглээд яваад байсан нөхөр нь төр байсныг хашир мэдэлгүй л яваад байж л дээ. Ингээд л хашир сэжигтэнг илрүүлэх нь байтугай төрийн нууцыг задлахыг задсан, төрийг тагнасан, чагнасан болдог байгаа биз дээ. Баларсан дөө, зайлуул. Мэргэн Бөөдий биш дээ, төр нь өөрийнх нь ажилтны дүрд хувирсан байсныг яаж  мань хүн мэдэх вэ. Иймээс л хаширыг явуулсан гэнэ лээ.

Том хүмүүсийн яриаг сонсоод, танхайраад байсан “жаалыг” насанд хүрээгүйчүүдийн хорих руу явуулж, хүмүүжүүлэхээс өөр яах билээ. Харин “насанд хүрээгүй” хурандаа маань “Баригдашгүй өшөө авагчид” киноны багачуудаас дутахааргүй сүйхээтэй байгаа дуулдана лээ. Тэр маань тэндээ очоод ажлаа хийгээд л байгаа гэсэн.

Хүмүүжиж буй хүүхдүүдэд “Авлига авуузай” гэж заавар, зөвлөгөө өгдөг юм байх. Тэрийгээ ч мэдэлгүй дээ. Хэрэг гарвал хэн, хэнтэй юу яриад буйг ч чагначих чадалтай л хүн. Гэхдээ тэнд суугаа нусхайнууд авлигын шинжтэй юу л яриа аж. Үсрээд л хулгай хийсэн, хүүхэд зодсоноо л ярина. Тэрнийхээ ч төлөө таарсан шийтгэлээ эдэлж суугаа амьтас.

Харин том том “акулиуд”-ыг тол­гой дарааллуулан чагнаж явсан хүнд тэдний яриа сонирхолгүй. Тэгээд ч энэ хугацаанд авлигын эсрэг хангалттай ухуулаад, мэддэг бүхнээ хэлээд дуус­сан биз. Тэгэхээр тэгэж гээд л “то­милолтынхоо” хугацааг дуусахыг хүлээ­гээд л сонин, сэтгүүл харж, хүү­хэл­дэйн кино үзэн, боролдойн цагийн ботго шиг л тормойг суугаа байлгүй.

Харин түүний орлогч байсан Д.Сун­дуйсүрэн нь Зайсанд хуваарьлагдсан гэсэн. Сураг сонсохнээ тэр хорихын албан хаагчийнх нь ажлын өрөөнд л амьдарч, ажиллаж буй гэнэ лээ. Үнэн, худлыг нь мэдэхгүй ч иймэрхүү л яриа амнаас ам дамжиж байна. 

Гэхдээ энэ хоёр хоёулаа ажлын байрныхаа нөхцлийг сайжруулж, болж өгвөл хуучин ажлынхаа байранд ажиллахаар шүүхт давж заалдсан. Тэдний саналыг хэзээ судалж үзээд хариу хэлэх нь харин тодорхойгүй байгаа. Гэхдээ удахгүй биз дээ. Нийслэлийн шүүхийнхэн санал хүсэлтийг нь хүлээж авахгүй бол мэдээж Дээд шүүхийн шүүгчид гомдоллоно. Ингэж байтал энэ ажилдаа ч дасч юуны магад. Эсвэл Ерөнхийлөгч хууль гаргаад хорихын томилолтыг нь хүчингүй болгочих ч юм бил үү. Хэн мэдлээ. Харж л сууя.

А.ШАРХҮҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж