Тогоондоо буцлаад юм өргөжнө гэж байхгүй

Хуучирсан мэдээ: 2011.03.04-нд нийтлэгдсэн

Тогоондоо буцлаад юм өргөжнө гэж байхгүй

Дуурь бүжгийн эрдмийн театрт өчигдөр Монголын Үндэсний Кино Урлагийн Академиас зохион байгуулж буй  “Academy Awards-2011” наадам болж өнгөрлөө. Энэхүү наадамд хүрэлцэн ирсэн Монгол Улсын Ардын жүжигчин, кино найруулагч, зохиолч Гомбожавын Жигжидсүрэнтэй  уулзан кино урлагийн наадмын талаар сэтгэгдлийг нь сонслоо.

-Энэ удаагийн наадамд сүүлийн хоёр жилийн хугацаанд хийгдсэн кинонууд нэр дэвшин өрсөлдөж байна л даа. Сүүлийн үеийн киноны чиг хандлага зөв явж байна уу, буруу явж байна уу?

-Энэ бол их хэцүү. Би бол мэргэжлийн судлаач, эксперт биш. Ер нь бол өөрийн чинь асуулт их чухал асуулт л даа. Яагаад гэвэл өнөөдөр манайд кино салбарт цох дутаад байгаа нэг мэргэжил бол судлаач байгаа юм. Бүр экспертийн хэмжээнд. Дэлхийн киноны төвшин хаана явна. Юун дээр чиг нь байна, хаана гол юмаа авч явна, Монголын кино хаана нь явна гэдгийг хооронд нь зэрэгцүүлж хардаг. Өнөөдөр шинэ кино гарлаа гэхэд энд тэнд сонингууд дээр уншиж байхад гарч байгаа зүйлс нь үзэгчдийн сэтгэгдлээс хэтрэхгүй байна. Энэ нь кино урлагт их дараа болно л доо. Кино судлал чиглэлээр сүүлийн хориод жил төгсч гарсан хүн байхгүй шүү дээ. Үүнийг бодмоор л байгаа юм. Тэгвэл кино урлаг хаашаа явж байгааг мэднэ гэсэн үг.

-Сүүлийн үеийн киноны сэдэв, агуулга цомхон, тулга тойрсон болчихож. Дээр үеийн кинонуудыг үзэхээр маш өргөн далайцтай үнэхээр ийм зүйл амьдралд байдаг шүү гэж бодогдохоор. Одоо ч гэсэн үзэхэд амьдралд ойр байдаг?

-Энд нэг зүйл байгаа юм аа. Би киног урлагийн бүтээл талаас нь хөндөн ярьж болно. Тэгвэл өөрийн чинь хэлж байгаа тэр бүхэн байхгүй байгаа нь үнэн. Нөгөө талаас арилжааны чиглэлээр зоосны нүхээр харан хийж байгаа бүтээлүүд. Би үүнийг хийгээд төчнөөн төгрөг зарлагадан төчнөөн мянгыг олно. Өнөөдрийн хийгдэж байгаа бүтээлийн ихэнх нь иймэрхүү маяг руу яваад байна уу гэж бодож байна.

-Та энэхүү наадамд нэр дэвшиж байгаа бүтээлүүдийг үзсэн үү?

-Би шүүгчдийн зөвлөлд байсан ч гадаадад явж байгаад нэг ч кино үзээгүй, энэ ажилд оролцоогүй.

-Энэ удаагийн наадмыг “Кино урлагийн аккадеми” гэж том байгууллага зохиож байгаа. Тийм учраас бид Монголдоо киноны  бүтээлүүдээ үзээд байх биш, үүгээр дамжуулан гадаад ертөнц рүү гарах гүүр нээж өгөх болов уу?

-Энэ чухал л даа. Ерөөсөө тогоондоо буцлаад юм өргөжнө гэж байхгүй. Тийм учраас гадагшаа гарах ёстой. Зохион байгуулах хороон дээр энэ кино наадмыг олон улсын болгоё, урд, хойд хөршөөсөө урья. Азийн нутаг дэвсгэрийг хамаръя гэж яригдсан. Би хувьдаа үүнийг цаашдаа өргөжих болов уу гэж найдаж байгаа.

-Мэдээж гадаадын кино наадмуудад өрсөлдөхийн тулд сайн бүтээлүүд хийх хэрэгтэй болов уу. Манайд өнөөдөр кино жүжигчдийг хангалттай бэлтгэж байгаа харин кино зохиолчдыг яаж бэлтгэдэг юм бэ?

 -Би чинь Оросын “бүтээгдэхүүн” шүү дээ. Би Бүх оросын кино урлагийн дээд сургуулийг кино зохиолч, кино найруулагч гэж хоёр мэргэжлээр төгссөн. Манай сургуульд бол кино зохиолчийн анги гэж тусдаа байдаг л даа. Үүнийг л Соёл урлагийн их сургууль юм уу, утга зохиол, сэтгүүлчийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэж байгаа их, дээд сургуулиуд энэ ангийг нээмээр байгаа юм. Тэгэхгүй бол хэн нэгэн хүн сайн дураараа энэ чиглэлээр, нэг хүнээс зөвлөгөө авчихаад явахгүй л дээ. Мэргэжлийн төвшинд сайн байж, сайн бүтээл гарна. Кино зохиол гэдэг байшингаар яривал суурь нь шүү дээ. Муу суурьтай байшин газар хөдлөлтөд нурж л таарна. Тийм учраас кино урлагт мэргэжлийн сайн зохиол тун чухал. Толгойд орсон зүйлээр зохиол бичээд хөгжихгүй. Мөн мэргэжлийн продюсергүй кино урлаг цаашид хөгжинө гэдэг хэцүү. Яагаад гэвэл  продюсер энэ хүний зохиолоор энэ хүн найруулаад энэ тоглоод ийм амжилт олно гэдгийг хийдэг. Монголын кино урлагт энэ хоёр зүйл л алга байна даа. Бусад зураглаач, зураач, жүжигчид гээд байна л даа.

-Монголын кино зохиолчдоос хамгийн сайныг нь нэрлээч гэвэл?

-Өнөөдөр Монгол киноны номер нэг кино зохиолч хэн бэ гэвэл би Бавуугийн Лхагвасүрэнг л хэлнэ. Даанч миний найз жүжиг бичээд завгүй, кино зохиол бичихгүй байна л даа. Сайхан зохиол бичихээр киног нь тавих хүн, мөнгө байхгүй гээд зовлон их байдаг байх л даа.

-Та сүүлийн үеийн кино найруулагч, киноны уран бүтээлчдэд юу гэж хэлмээр байна?

-Кино бол найруулагчаас бүх  юм шалтгаалдаг. Найруулагч л бүгдийг зангидан авч явдаг. Сайн зохиол муу бүтээл хийчихэд найруулагчийн гай, муухан зохиолоор сайхан кино хийчихсэн нь ч байдаг. Үүний хажуугаар найруулагч дээр байх нэг гол юм бол уран бүтээлийн баг гэж байдаг.  30, 40 хүний хэмжээнд ярьж байгаа юм биш. Үүнийг би найруулагчийн хэмжээнд яг хажууд нь баг болон ажилладаг гурав, дөрвөн хүний тухай хэлэх байна. Найруулагчийн баруун нар болоод ажиллаж байдаг зураглаач, хөгжмийн зохиолч, дууны найруулагч, зураач гээд таван хүн байгаа юм. Энэ тав нэгдэж, нягтарч бие биенийгээ ойлгоогүй цагт кино сайн болохгүй. Би янз бүрийн зураглаач, зураач нартай ажиллаж байлаа. Тэгэхдээ энэ бол ганц миний зүйл биш дэлхийн киноноос харахад тийм байгаа юм. Дэлхийн томоохон найруулагч нар хараад байхад дандаа л нэг дагнасан хөгжмийн зохиолч, зураглаачтай ажилладаг. Жишээ нь, миний арав гаруй киноны хөгжмийг манай хөгжмийн зохиолч н.Хангал бичсэн гэх мэтчилэн. Миний бүх уран сайхны киноны дууг хийсэн дууны найруулагч үнэхээр сайхан хүн байдаг. Одоо хоёулаа бурхан болчихсон.  Батын Самбуу гэж мундаг дууны найруулагч, сайхан хүн байсан. Энэ мэтчилэн хамтарсан хүн чухал л даа. Одоо би кино хийе гэх юм бол тэр хоёр маань надад хоёр гар байхгүй болчихсон юм шиг л үгүйлэгдэнэ шүү дээ.

-Дэлхий дахинд маш олон кино наадмууд болдог. Бусад улс орнуудыг хараад байхад аль улс орны кино урлаг зөв голдирлоороо хөгжиж байгаа бол оо?

-Тэр энэ гэж хэлэхэд хэцүү. Харин сүүлийн үед кино урлагт бүр санаанд орохгүй байсан орнуудаас жишээлбэл, Азиас кино урлагт Иран, Ирак, Солонгос, Туркээс түрэн орж ирж байгаа. Эдгээр орнууд нэг хэсэг дэлхийн кино урлагийн тавцан дээр чив чимээгүй байсан шүү дээ. Одоо эдгээр орнуудын орохгүй фестиваль, шагнал авахгүй кино цөөн байна. Тэгэхээр энэ чинь шинэ урсгал, шинэ амьсгал, шинэ орнууд төрж орж ирэн кино ертөнц өргөжиж байна гэсэн үг. Өмнө нь Европ, Америкаар хязгаарладаг байсан бол одоо Азийн орнууд түрэн орж байна гэдэг нь  харагдаж байна л даа.

-Сүүлийн үед залуу уран бүтээлчид кино урлагт хүч төрөн орж ирж байна. Олон улсад бүтээлээрээ өрсөлдлөө. Энэ тал дээр та бодлоо хуваалцаач?

-Үүнд “Дэв” киног би онцолж хэлж болно гэж бодож байна. “Дэв” кино бол өнөөдрийн уран бүтээлийн багийн бүх төвшиндөө мэргэжлийн өндөр төвшинд хийгдсэн кино. Энэ киног хаана ч үзүүлсэн нүүр улайхгүй. Найруулагч, оператор, дууны найруулагч, жүжигчид тэдний ансамбель, авалт, барилт гээд. “Дэв”-ийг сүүлийн үед гарсан хамгийн сайн кино гэж би нэрлэх байна даа.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж