“Дөнгөж хураасан ногоогоо аваарай“

Хуучирсан мэдээ: 2011.08.26-нд нийтлэгдсэн

“Дөнгөж хураасан ногоогоо аваарай“

-Төмс аваарай, лууван аваарай. Хямдхан болоод чанартай шүү… гэх үндэсний үйлдвэрлэгчид нэг л цоглог.  Өөрсдийнхөө тарьсан ногоог сурталчилж байгаа болохоор л тэр байх.  Сэлэнгээс ирсэн шинэхэн ногооны үзэсгэлэн “Скай” худалдааны төвийн өмнөх талбайд гарсан байна лээ.  Үүдээр нь оронгуут л үндэсний “үйлдвэрлэл”-үүд пиг дүүрэн.  Алтан шаргал сонгино,  шаргал төмс, бөндгөр ногоон, бас цэцэгт байцаа гээд л бүх төрлийн ногоог хямд үнээр худалдаж байсан. Арааны шүлс асгарам тарвас, помидор, аньс, нэрсийг амсуулж байгаад л зарна лээ.  Эрүүл ахуйн чанарт нь эргэлзэж хэрэггүй. Эд бүгдээрээ монгол хөрсөнд  тарьсан, элдэв янзын химийн бордоогоор “нүдүүлээгүй”, урд хөршид ургасан “ургамлууд”-аас тэс өөр гэнэ.  Шилж байгаад авсан ч болох юм билээ.   “Шатахууны үнэ өссөн болохоор” хэмээн санаа алдах хэрэггүй, хямдхан үнэтэй, дөнгөж хураасан ногоо, жимсийг худалдаж аваарай, хэрэглэгчид ээ.  Энэхүү үзэсгэлэн зургаа дахь жилдээ гарч байгаа гэнэ. Зургаан жилийн өмнөхтэй харьцуулахад иргэд энэ үзэсгэлэнгийн зорилгыг их сайн ойлгодог болсон  байна лээ. Бас үзэсгэлэнд гарч байгаа ногоонуудын үнэ, чанарт ч эргэлзэхээ больсон гэсэн шүү.  

…Хотод оюутан болж ирээд удаагүй байлаа, би. Ерээд оны дунд үе байсан болохоор их хэцүү байсан санагддаг юм. Аавынхаа дүүгийнд амьдардаг болохоор ангийнхаа охиныг дагаад гэрт нь очив. Тэгээд тэнд хэдүүлээ хэдэн төмс шарж идчихээд гэртээ иртэл гэдэс  эвгүйрхээд болдоггүй. Зөвшөөрөлгүй айл хэссэндээ эгчээсээ айгаад энэ тухай юу ч хэлсэнгүй. Гэтэл шөнө нь биеэр дүүрэн эрээн толбо туурч, биеийн халуун 39-д хүрээд л. Гэрийнхэн маань сандарч “гэнэт юу болчихов, айлын хүүхдийг арай ингээд алдчих юм биш биз дээ” гэж айцгааж байгаа нь бүдэг бадагхан сонсогдох. Түргэний эмч ирж, намайг үзсэнээ өдөр яг юу ууж идсэнийг маань  байцааж гарлаа. Аргагүйн эрхэнд айлд очоод төмс шарж идсэнээ хэлсэн чинь эмч асуудал нь тодорхой байна. Хятад төмс хамаагүй идэж хэмээн оношилсон билээ. Үнэхээр ч дараа нь найзаасаа асуусан чинь хятад төмс байсан гэсэн. Ингэж л би хятад төмсний балгаар харшилтай болж үлдсэн юм.  Их идсэн бол амь насанд минь халтай байсныг эмч дараа нь надад анхааруулсан. Тэр явдлаас  хойш болж өгвөл хятад төмс идэхгүй байхыг хичээдэг болсон доо.

 Нэг хэсэг урд хөршийн элдэв чанартай чанаргүй төмс, хүнсний ногоо Монголын зах, дэлгүүрийн лангуугаар л дүүрэн байдаг байлаа. Төмс нь гэхэд цав цагаан өнгөтэй, чанаад байхад болдоггүй, тийм л хятад хүнсний ногоог монголчууд хэрэгцээндээ хэрэглэдэг байсан үе ард хоцорчээ.  Эрүүл мэндэд ч бас хортой гэдгийг эмч мэргэжилтнүүд анхааруулдаг байсан. Гэхдээ үүнээс өөр идэх ногоо байгаагүй болохоор муу хэлсэн хэрнээ л монголчууд хятад хүнсний ногоо иддэг байсан худлаа биш л дээ. Хятад ногооноос болж олон мянган хэрэглэгч ходоодны шархтай болж хоцорсон байх. Зарим нь хятад ногооноос болж  хорт хавдарын улмаас хорвоог орхисон байх.

Хятадын төмс, хүнсний ногоо болгон нь муу биш л дээ. Чанартай ч бий, чанаргүй нь бий. Хятадын урд мужууд нь их чийглэг дулаан уур амьсгалтай болохоор ургац сайтай, элдэв химийн бордоо хэрэглэх шаардлагагүй байдаг аж. Тэрхүү сайн чанарын хүнсний ногоогоо Европын өндөр хөгжилтэй орон руу экспортонд гаргана . Харин Монголтой ойрхон орших,  хойд муж нь уур амьсгалын нөхцөл байдлаасаа болоод  жилд гурван удаа ургац хураан авдаг, их ургау хураахын тулд элдэв янзын химийн бодисоор борддог юм байна. Түүнийгээ ядуу буурай монголчуудад хямдхан шахна. Хямдхан болохоор нь манайхан иднэ. Тэгээд хордоно. Ийм л маягнаар монголчууд хятад ногоо идсээр цөөнгүй жилийг үдсэн.  Харин одоо хятад төмсөнд баяртай гэж хэлэх болж. Монголчууд бусдаас төмсөө, хүнсний ногоогоо гуйхгүйгээр ходоодоо божийлгохтойгоо болж. Бусдын “хор”-ыг мөнгөөрөө худалдан авч, ходоодоо холрдуулахгүй болсон гэхээр сайхан санагдаж байна. Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас гаргасан ургацын баланст дурьдсанаар энэ жил улсын хэмжээнд 427 мянган тонн үр тариа, үүнээс 419 мянган тонн буудай, 174.3 мянган тонн төмс, 90.5 мянган тонн хүнсний ногоо, 8.9 мянган тонн тосны ургамал хурааж авах гэнэ. Ингэснээр дотоодынхоо үр тари, төмс, хүнсний ногооны хэрэгцээг 100 хувь хангаж чадах бололтой.

Өнгөрсөн хавар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас нэгэн шийдвэр гаргасан нь ч үүнд нөлөөлж байгаа. Хятадаас импортолдог  төмс, лууван, манжин зэрэг хүнсний ногоо болон гурилын импортын татварыг өмнөх жилүүдэд тавдугаар сарын 1-нээс долдугаар сарын 1 хүртэл  15 хувиас таван хувь бууруулдаг байсан бол энэ жил жилийн туршид 15 хувь хэвээр байхаар шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэр хятад төмс, хүнсний ногоо Монголд орж ирэх, монголчуудыг хятад төмс хэрэглэхийг хязгаарлаж чадсан. Өнөөдөр хүнсний ногооны наймаачид Хятадаас ногоо оруулж ирээд зарахад ямар ч ашиггүй болсныг өгүүлж байгаа.

Шинэ ногооны дээж нийслэлд орж ирснээр төмс, хүнсний ногооны үнэ навс унажээ. “Скай” худалдааны төвийн урд гарсан үзэсгэлэнд өнгөрсөн зургадугаар, долдугаар сард нэг килограмм нь 3500-4000 төгрөг байсан манжинг ердөө 700-хан төгрөгөөр худалдаж авч болох юм билээ. Бас 2000 төгрөгийн үнэтэй байсан лууван 600 төгрөг, төмс 600-700 төгрөг гэхээр шатахууны үнийн өсөлт хүнсний ногооны үнэд нөлөөлсөнгүй.  Тарвас 800-1000 төгрөг, помидор ногоо өнгөтэй нь 1000, улаан өнгөтэй нь 3500 төгрөг байна лээ. Өргөст хэмэх ердөө 1000 төгрөг. Зхс дэлгүүрүүдэд үзэсгэлэнгээс хэд дахин үнэтэй гэдгийг хэрэглэгчид хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх.  “Намрын ногоон өдрүүд” арга хэмжээ албан ёсоор эхэлж, дүүрэг бүхэнд төмс, хүнсний ногооны үзэсгэлэн гарахаар үнэ  нь бүр унана. Эцэст нь хэлэхэд эх орныхоо бүтээгдэхүүнээр хангаж, химийн хортой төмсийг хэрэглээнээсээ халахад тусалсан “Атрын III” аянд баярлалаа.

Ж.ЭРХЭС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж