Нийгмийн халамжийн асуудлаар санал солилцов

Хуучирсан мэдээ: 2011.08.25-нд нийтлэгдсэн

Нийгмийн халамжийн асуудлаар санал солилцов

Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэл Азийн
хөгжлийн банк /АХБ/-ны Монгол дахь шинэ Суурин төлөөлөгч Роберт
М.Шоэльхаммэрийг өнөөдөр хүлээн авч уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны асуудлаар
санал солилцов. Уулзалтад Суурин төлөөлөгчийн газрын зарим ажилтнууд
оролцов. 

УИХ-ын дарга уулзалтын эхэнд АХБ-ны Монгол
дахь Суурин төлөөлөгчийн газрыг ахалж ажиллах болсонд нь түүнд баяр хүргээд
олон улсын санхүүгийн байгууллагуудын дотроос тус банк Монгол Улсын хөгжилд
чухал үүрэг гүйцэтгэж байгааг онцлов. Тэрбээр хэлэхдээ, АХБ-ны бодлогын хүрээнд
тавьж буй асуудлыг УИХ төсөв санхүүгийн бодлого явуулахдаа ихээхэн харгалзаж
үздэг. Тус банк нь Монгол орны онцлог нөхцөл байдлыг харгалзаж дэд бүтцийг
хөгжүүлэх чиглэлээр чухал төсөл арга хэмжээ хэрэгжүүлж байдгаараа олон улсын
бусад байгууллагаас онцлогтой. Тухайлахад Баруун бүсийн босоо тэнхлэгийн
томоохон автозамын төслийг амжилттай хэрэгжүүлж байна. Дэд бүтцийн хоцрогдолтой
байдлыг даван туулахад ийм тодорхой туслалцаа үзүүлж байгаад орон нутгийн иргэд
ихэд талархалтай ханддаг юм гэлээ. Түүнчлэн эрүүл мэнд, нийгмийн халамжийн
чиглэлд анхааралтай хандаж олон төсөл арга хэмжээ хэрэгжүүлж буй нь бодит үр
дүнгээ өгч байгаад талархаж буйгаа илэрхийлэв.   

Монгол
Улсын эдийн засгийн хөгжилд АХБ маш талархалтай хандаж буйг Суурин төлөөлөгч
онцлоод энэ үүднээс Монгол Улсын ангиллыг дээшлүүлснээр шинэ төрлийн тусламж
авах боломж бүрдэж байгаа юм. Мөн Монгол Улсын түншлэлийн бодлогыг шинээр
боловсруулж, энэ оны аравдугаар сард банкны Удирдах зөвлөлд оруулахаар бэлтгэж
байгаа. Энэхүү түншлэлийн бодлогод Монголын эрүүл мэнд, боловсрол, зам тээвэр,
эрчим хүчний салбарын зэрэгцээ хувийн хэвшлийн оролцоог дэмжихээр тусгасныг
дуулгав.

Нийгмийн халамжийн шинэчилсэн хуулийн төсөл
батлагдахгүй удаж буй энэ үед Хүний хөгжил сангаас иргэн бүрт олгож буй мөнгийг
ирэх оны дундаас зогсоох тухай яригдаж байгаа нь орлого багатай ядуу иргэдэд
хүндээр тусч мэдэх тул энэ талаар УИХ ямар чиглэл барьж буйг Суурин төлөөлөгч
сонирхож буйгаа хэлэв.

Энэ
талаар УИХ-ын дарга хэлэхдээ, энэ хуулийн төсөл дээр УИХ-ын ажлын хэсэг
ажиллаж, үндсэндээ санал нэгдсэн байгаа. Гэхдээ хэлэлцүүлэгт оруулахын өмнө
төсөлд тусгасан зарим санааг сайн сурталчлахын зэрэгцээ орлогын ангилалтын
талаархи ойлголтын зөрүүг арилгах, зөв хувилбарыг сонгоход анхаарах зүйл бий.

Засгийн
газраас өнгөрсөн онд цалингийн доод хэмжээг нэмэгдүүлэх арга хэмжээ авсан.
Үүнийг дахиад нэмэгдүүлэх бодлого барьж байгаа. Мөн намуудын амлалтын дагуу
иргэдэд Хүний хөгжил сангаас сар бүр 21 мянган төгрөг олгож байгаа. Цаашдаа энэ
мөнгийг олгохыг зогсоовол халамжийн ямархуу бодлого хэрэгжүүлэх вэ гэдэг нь одоогоор
тодорхойгүй байна. Гэхдээ анх энэ санг байгуулахдаа намуудын амлалтыг
хэрэгжүүлсний дараа хүүхдийн мөнгийг сэргээх талаар ярилцаж байсан юм.

Түүнчлэн ирэх оноос оюутан бүрт
хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тал хувьтай тэнцэх хэмжээний стипенд
олгохоор УИХ шийдвэрлэсэн. Энэ мөнгө Хүний хөгжил сангаас гарна. Мөн олон
хүүхэдтэй эхчүүдэд халамж үзүүлэх шийдвэр гаргасан. Сонгууль дөхсөн энэ үед
төсвийн хуваарилалт, Хүний хөгжил сангийн зарцуулалтад амлалтын шинжтэй зүйл
гарахаас болгоомжлох учиртай. Ер нь халамжийн мөнгө зорилтот хэсэгтээ  хүрч байх, нийтэд нь цацагдахгүй байх нь
анхаарах асуудал юм.                                      

Энэ бүхнийг нэг мөр цэгцэлж, Хүний хөгжил
сангийн орлогын байдлыг харгалзаж үзсэний үндсэн дээр халамжийн асуудлыг
тодорхойлох нь чухал байна. Энэ талаар та бүхэнтэй бодлогын түвшинд ярилцаж,
оновчтой хувилбараар шийдэх нь зүйтэй байна гэлээ. Түүнчлэн Монгол Улсын
зэрэглэлийг дээшлүүлсэн, түншлэлийн шинэ стратеги боловсруулж байгаа тухай
таатай мэдээ дуулгасанд талархаж буйгаа илэрхийлэв. 

Нийгмийн
халамжийн асуудлаар бодлогын түвшинд ярилцаж санал солилцох тухай УИХ-ын даргын
саналыг дэмжиж буйгаа Суурин төлөөлөгч илэрхийлэв. Мөн Баруун бүсийн босоо
тэнхлэгийн автозамын төсөл дээр цаг хугацаа алдсанаас зардал өсч хөрөнгө дутсан
тал гарсан. Гэхдээ шинэ төслөөр замыг хугацаанд нь барьж гүйцэтгэх болно гэдгээ
хэллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж