Анх 2007 онд эмзэг бүлгийн болон хөгжлийн бэрхшээлтэй 30-40 хүүхдийн орон тоотой гэр цэцэрлэг байсан бөгөөд санхүүжилтийг тус дүүргээс гаргах ёстой байсан ч 100 хүүхдийн цэцэрлэг барихаар хаах шийдвэр гаргасан байна.
Тус цэцэрлэгийн үүсгэн байгуулагч Л.Намсрайжав хэлэхдээ “2007 оноос гадаадын 50 хувийн хөрөнгө оруулалттайгаар дөрвөн жилийн гэрээ хийж нээгдэж байсан. Өнгөрсөн жил гэрээний хугацаа дуусч дүүргийн 100 хувийн хөрөнгө оруулалтаар ажиллах болсон. Гэтэл өнгөрсөн зургадугаар сард цэцэрлэгийг хааж 100 хүүхдийн цэцэрлэг барина гэж үйл ажиллагааг зогсоосон. Гэтэл одоо болтол шинэ цэцэрлэгийн шавь тавиагүй ирэх аравдугаар сард барина гэж байгаа. 100 хүүхдийн цэцэрлэг барина гэдэг сайхан ч одоо бариагүй цэцэрлэг хэзээ баригдаж дуусах нь тодорхойгүй байна” гэлээ.
Энэ цэцэрлэг хаагдснаар 40 хүүхдийн эрх ашиг хөндөгдөж, одоо яах нь тодорхойгүй хэвээр байгаа аж. Эцэг эхчүүд барилга баригдаж дуустал гэр цэцэрлэгээ ажиллуулах санал тавьсан ч дүүргийн удирдлагууд татгалзсан хэвээр байгаа гэнэ.