“Uptown-Эмэгтэйчүүдийн төлөө” аян өрнөж байна

Хуучирсан мэдээ: 2011.08.25-нд нийтлэгдсэн

“Uptown-Эмэгтэйчүүдийн төлөө” аян өрнөж байна

UPTOWN сэтгүүл эмэгтэйчүүдийн дуу хоолой, амжилтанд хүрэх гол түшиг тулгуур нь болох зорилгыг өмнөө тавьсаар багагүй хугацааг үджээ. Харамсалтай ч гэсэн туйлын үнэн гэвэл өнөөгийн нийгэмд хүн амын дийлэнх хувийг эзэлж байгаа эмэгтэйчүүдийн олонхи нь амьдралын хамаг л хүнд хүчрийг турьхан нуруундаа үүрч, тэмцэж яваа. Чухам иймээс л эмэгтэйчүүдийн төлөө дуу хоолойгоо нэгтгэсэн UPTOWN сэтгүүл нийгмийн хариуцлагаа гүнээ ухамсарлаж, сэтгүүлийн Удирдах зөвлөлийн гишүүн, “Ажигана” группын ерөнхийлөгч Э.Туулын санаачлагаар өрх толгойлсон, хүнд хэцүү амьдралтай эмэгтэйчүүддээ хандсан “UPTOWN-Эмэгтэйчүүдийн төлөө” нэг жилийн аян өрнүүлэхээр болсон. Энэхүү гэгээлэг аянаа тэд өнгөрсөн тавдугаар сарын 19-нд “Эмэгтэйчүүд нь хөгжвөл эх орон хүчтэй” уриан дор Баянзүрх дүүргээс эхлүүлж байсан бол энэ удаа Чингэлтэй дүүргийн нийгмийн эмзэг давхаргын 100 эмэгтэйг хамруулсан уулзалтыг өчигдөр “Тэнгэрийн цаг” төвд зохион байгууллаа. 

Уулзалтад сэтгүүлийн удирдах зөвлөлийн гишүүд болох НХХ-ийн сайд Т.Ганди, зохиолч Б.Шүүдэрцэцэг нар эмэгтэйчүүдээ өөртөө итгэлтэй өөдрөг байж, амьдрал хүнд хэцүү гэж цөхрөлгүй, хэн нэгэнд найдалгүй өөрсдөө хийж бүтээх боломж бүхнийг олж харж чаддаг байх тухай, өөрчлөлтийг гэр бүлээ төвхнүүлэхээс эхлээд улс орноо хүчирхэгжүүлэх хүртэл шат дараатайгаар зоригтой зорилготойгоор хийх тухай ярилцлаа. “UPTOWN” сэтгүүлээс цаашдаа тухайн дүүрэг бүрт эмэгтэйчүүдийг хөгжүүлэх сургалт, лекц семинаруудыг ээлж дараалан зохион байгуулж байхаа мөн энэ үеэр тодотгон хэлж байсан. Чин сэтгэлээр ивэлсэн энэхүү уулзалтад оролцсон бүсгүйчүүд үдийн зоог барьж тухлангаа хоорондоо танилцаж, тэдэнд урам итгэл сэтгэлийн дэм хайрлахаар ирсэн уран бүтээлчидтэй хамтдаа дуулж хөгжилдөж нэгэн өдрийг сэтгэл тэнүүн өнгөрөөлөө. 
 Энэхүү гэгээн сайхан үйлсийг “Монос косметик” ХХК, SKY Plaza компанийнхан ивээн тэтгэж дэмжин ажилласан. Уулзалтын төгсгөлд энэхүү аяныг ивээн тэтгэж хамтран ажилласан “Монос” компани болон сэтгүүлийн зүгээс бэлдсэн гарын бэлгийг бүсгүйчүүдэд өргөн барилаа. UPTOWN сэтгүүл энэ аянаа дүүрэг бүрт зохион байгуулах хугацаанд хэвлэгдэн гарах сэтгүүлийнхээ дугаар бүрээс тухайн дүүргийн 500 эмэгтэйд үнэгүй тарааж байгаа аж.

UPTOWN сэтгүүл энэхүү аянаараа хөдөлмөрийн чадвараа алдсан, өрх толгойлсон, алдаж онож яваад эрх чөлөөгөө хязгаарлуулсан гээд нийгмийн бүхий л давхаргын эмэгтэйг дэмжин хөгжүүлэхийг зорьж буй. Энэхүү гэгээлэг аян нийслэлийн зургаан дүүрэгт буухиалан өрнөхдөө Монгол Улсын минь гэрэл гэгээ болсон эмэгтэйчүүддээ сэтгэлийн дэм, эрч хүч өгч, их амжилт бүтээлийнх нь гараа болно гэдэгт итгэлтэй байна. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж