
Монголын бөхчүүд дэлхийн аваргын татамид хэрхэн барилдаж буй талаар мэдээлэл хүргэе. Тэмцээний эхний өдөр буюу өчигдөр эрэгтэй 60, 66 кг, эмэгтэй 48 кг-ын жингийн барилдаан болсон бол өнөөдөр эрэгтэй 73, эмэгтэй 52, 57 кг-ын жингийн барилдаан болж байна. Харамсалтай нь, дэлхийн аваргын эхний хоёр өдрийн барилдаанд Монголын найдвар болсон жүдочид медалийн тавцанд гарч чадсангүй.
- Эрэгтэй 60 кг: Д.Төмөрхүлэг, Ч.Болдбаатар
Тэмцээний хуваарийн дагуу 60 кг-ын жингийн барилдаан эхний өдөр болсон. Тус жинд Монголын баг тамирчдаас Д.Төмөрхүлэг, Ч.Болдбаатар нар зодоглосон боловч хоёул хоёрдугаар тойргийн барилдаанаас тэмцээнийг орхисон. Залуучуудын дэлхийн аваргын хошой мөнгөн медальт Д.Төмөрхүлэг эхний тойрогт хийлсэн боловч хоёрдугаар тойргийн барилдаанд Японы жүдоч Хирофүми Ямамототой барилдаж, хоёул ижил вазари үнэлгээ аваад байсан ч 2:20 минутад цэвэр ялагдав. Харин Ч.Болдбаатар мөн эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Францын бөх Иссам Нурт цэвэр ялагджээ.
Алт: Ришод Собиров /Узбекистан/
Мөнгө: Хироаки Хираока /Япон/
Хүрэл: Илгар Мушкиев /Азербайжан/
Хүрэл: Георгий Зантарая /Украйн/
- Эрэгтэй 66 кг: Х.Цагаанбаатар, С.Мияарагчаа
Эрэгтэйчүүдийн 66 кг-ын жингийн аваргууд мөн тэмцээний эхний өдөр буюу 23-нд тодорсон байгаа. Энэ жинд Монголын тамирчдаас Х.Цагаанбаатар, С.Мияарагчаа нар зодоглов.
Афины олимпийн хүрэл медальт, 2009 оны дэлхийн аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, ШШГЕГ-ын харьяа “Сүлд” спорт хороо, “Оюутолгой”-н элч тамирчин Х.Цагаанбаатар 66 кг-ын жинд зодоглож, дэд хэсгийн аваргын төлөөх барилдаанд БНСУ-ын бөх Чо Жун-Ход ялагдсан. Х.Цагаанбаатар эхний барилдаандаа Энэтхэгийн Манжеет Нандалыг, улмаар БНХАУ-ын Лью Ренванг, дараа нь Гүржийн бөх Дэвид Асумбани нарыг цэвэр буулган авсан юм. Харамсалтай нь, дэд хэсгийн аваргын төлөөх барилдаанд 2011 оны Азийн аваргын хүрэл медальт, мөн энэ жилийн Дюссельдорфын гран-при тэмцээний мөнгөн медальт Чо Жун-Ход торгуулиар юүко үнэлгээ алдсанаар ялагдал хүлээлээ. Хэрэв энэ барилдаанд ялсан бол удаахь барилдаан буюу хэсгийн аваргын төлөөх барилдаанд ялагдсан ч дагах барилдаанд зодоглох боломжтой байсан юм. Харин ОУХМ С.Мияарагчаа эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойргийн барилдаанд Европ тивийн хошой хүрэл медальт, ОХУ-ын бөх Алим Гадановт вазари үнэлгээгээр ялагдсан.
Алт: Масаши Эбинума /Япон/
Мөнгө: Леандро Кунья /Бразили/
Хүрэл: Чо Жун-Хо /БНСУ/
Хүрэл: Муса Могушков /ОХУ/
- Эрэгтэй 73 кг: С.Ням-Очир, Г.Одбаяр
Тэмцээний хоёр дахь өдөр буюу өнөөдөр эрэгтэйчүүдийн 73 кг болон эмэгтэйчүүдийн 52, 57 кг-ын жингийн барилдаан болсон. 73 кг-д хамгийн олон буюу 90 бөх зодоглосон бөгөөд Монголын тамирчдаас С.Ням-Очир, Г.Одбаяр нар хүч сорьсон юм.
ОУХМ С.Ням-Очир эхний тойрогтоо Босния-Герцеговиний бөх Митар Мрдичийг цаг дуусах мөчид цэвэр, дараа нь хоёрдугаар тойргийн барилдаанд Молдавын жүдоч Марсель Трудовыг вазари үнэлгээгээр, улмаар Италийн бөх Андреа Режисийг юүко үнэлгээгээр буулган авсан. Харамсалтай нь, дэд хэсгийн аваргын төлөөх барилдаанд 73 кг-ын жинд дэлхийн чансааны хоёр дахь бөх, Японы жүдоч Рики Накаяад нэмэлт цагт цэвэр ялагдлаа. Хэдий ялагдсан ч барилдааны явцад С.Ням-Очир илүүрхэж байсныг дурдах нь зүйтэй.
Мөн 73 кг-ын жинд А хэсэгт сугалаа татсан Г.Одбаяр эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойргийн барилдаанд жингийн ангилалдаа дэлхийн чансааг тэргүүлж буй БНСУ-ын бөх Ван Ки-Чунд цаг дуусах мөчид цэвэр ялагдсанаар энэ жилийн дэлхийн аваргыг орхисон юм.
- Эмэгтэй 48 кг: М.Уранцэцэг, Б.Бат-Эрдэнэ
Дэлхийн аваргын эхний өдөр болсон 48 кг-ын жингийн барилдаанд ОУХМ М.Уранцэцэг эхний тойргийн барилдаанд хийлж, улмаар хоёрдугаар тойрогт Румыны бөх Алина Думитрутай сугалаа таарч барилдан, цэвэр ялагдсан. Мөн энэ жинд өрсөлдсөн Б.Бат-Эрдэнэ эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойргийн барилдаанд Кубын жүдоч Местре Алварезид вазари үнэлгээгээр ялагдсан юм.
Алт: Харуна Асами /Япон/
Мөнгө: Томоко Фүкүми /Япон/
Хүрэл: Ева Черновицкий /Унгар/
Хүрэл: Сара Менезес /Бразили/
- Эмэгтэй 52 кг: М.Бундмаа, Б.Солонго
Тэмцээний хоёр дахь өдөр болсон 52 кг-ын жингийн барилдаанд өнгөрсөн жилийн дэлхийн аваргын хүрэл медальт, Монгол Улсын Гавьяат тамирчин М.Бундмаа хоёрдугаар тойргоос дэлхийн аваргыг үдсэн. Тэрбээр эхний тойрогт Алжирийн бөхийг ялсан боловч хоёрдугаар тойрогт Кубын бөх Янет Бермой Акостатай барилдаж, вазари үнэлгээгээр ялагдсан.
Мөн түүний хамт эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд барилдсан Б.Солонго эхний тойргийн барилдаанд Кот Д’Ивуарын тамирчин Зоулейха Абзетта Дабонне юүко үнэлгээгээр ялсан ч хоёрдугаар тойрогт Бразилиийнбөх Эрика Мирандатай барилдаж, юүко үнэлгээгээр ялагдал хүлээжээ.
- Эмэгтэй 57 кг: Т.Баттөгс, Д.Сумъяа
Жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий хоёр дахь өдөр эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд барилдсан Т.Баттөгс эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойргийн барилдаанд ОХУ-ын жүдоч Екатерина Мелниковатай барилдаж, хоёр юүко үнэлгээгээр ялагдсанаар энэ жилийн дэлхийн аваргын татамиг орхисон бол мөн эхний тойрогт хийлсэн Д.Сумъяа хоёрдугаар тойрогт БНАСАУ-ын бөх Рим Юн Хуитай барилдаж, цэвэр ялагдсанаар тэмцээнээ дуусгасан юм.
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний гурав дахь өдөр буюу маргааш эрэгтэйчүүдийн 81, эмэгтэйчүүдийн 63 кг-ын жингийн барилдаан болно. Эдгээр жинд Монголын тамирчдаас Г.Түвшинжаргал, О.Ууганбаатар нар 81 кг-д, Ц.Мөнхзаяа 63 кг-ын жинд барилдана. Хэсгийн барилдаан маргааш 15.00 цагаас эхэлнэ.