Нийслэлийн Цагдаагийн газарт өчигдөр 22.32 цагийн орчимд “Чингэлтэй дүүргийн наймдугаар хорооны нутаг Усан сангийн зургадугаар гудамжны орчимд нярай хүүхэд уутанд хийгээд хаясан байна” гэсэн мэдээлэл иржээ. Мэдээллийн мөрөөр цагдаагийнхан дээрх газарт ирж, шалгахад хөх өнгийн бичигтэй цагаан гялгар уутанд 38см урттай, 1410 гр жинтэй, 30 см урт хүйтэй нярай хүүхэд хаясан байжээ. Гудамжнаас олдсон нярай хүүхэд нь охин байсан гэнэ. Цагдаагийнхан нярай хүүхдийг Эх нялхсын эрдэм шинжилгээний төвийн Дутуу төрсөн нярайн эрчимт эмчилгээний тасагт хүлээлгэн өгч, эрчимт эмчилгээнд хамруулаад байна. Уг хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж эхэлжээ.