Медведев, Ким Чен Ир нар уулзлаа

Хуучирсан мэдээ: 2011.08.24-нд нийтлэгдсэн

Медведев, Ким Чен Ир нар уулзлаа

ОХУ-ын Ерөнхийлөгч Дмитрий Медведев болон Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ир нарын уулзалт албан ёсоор эхэллээ. Хоёр улсын тэргүүн эрчим хүчний гэрээ хэлэлцээрүүд, эдийн засгийн тусламж, цөмийн зэвсгээс ангид байх асуудлууд дээр голчлон санал бодлоо солилцох төлөвтэй байна.

Дээд хэмжээний уулзалт Москвагаас зүүн тийш 5,000 орчим км зайд орших Буриадын нийслэл Улаан Үдээс холгүй цэргийн бааз дээр болж байна.

Ноён Ким хуягласан Мерседес лимузен маркийн машинаар уулзалт болох газарт хүрэлцэн ирсэн талаар Интерфакс агентлаг мэдээлсэн бөгөөд Медведевтэй хийх уулзалтаа өндөрлөөд эх орондоо буцах аж. 

Кремлээс мэдээлснээр хоёр улсын удирдагчид Умардын цөмийн зэвсгийн хөтөлбөрийг зогсоож, оронд нь тусламж дэмжлэг авах тухай хэлэлцэх зургаан талт хэлэлцээрийг хэрхэн шуурхай, хамгийн богино хугацаанд эхлүүлж болох талаар хэлэлцэхийн зэрэгцээ Москвагийн санаачилгаар Өмнөд Солонгост нийлүүлэх байгалийн хийн хоолойг Умардын газар нутгаар дамжуулан тавих асуудлыг хөндөж магадгүй байна.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж