“Ди Жи Айлу” зочид буудалд зодоон болоод байна гэсэн мэдээлэл 21.47 цагт ирж, энэ дагуу шалгахад, уг буудлын ресторанд БНХАУ-ын иргэн 29 настай эрэгтэй Шю Хуа Дунтай хамт архи ууж байсан тус улсын иргэн 35 настай Юу Жин Шо согтуурхан маргалдаж, толгойн тус газар нь шилэн аягаар цохиж гэмтэл учруулан танхайрсан байжээ. Тиймээс цагдаагийн алба хаагчид сэжигтэн Юу Жин Шо-г саатуулан, уг хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст шилжүүлжээ.
Мөн Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг Эх нялхсын клиникийн урд талын автобусны буудал дээр зодоон болоод байна гэсэн мэдээлэл шөнийн 02.30 цагт Нийслэлийн Цагдаагийн байгууллагад иржээ. Хэргийн газарт цагдаагийнхан очиход, Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны иргэн 30 настай эрэгтэй У-г “1950” үйлчилгээний газрын таксины жолооч Ц нь “Мөнгөө дутуу төллөө” гэж зодож байсныг үйлдэл дээр нь таслан зогсоожээ. Уг хэргийг харьяаллын дагуу Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж эхэлжээ.
Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд орших “Нарантуул” худалдааны төвийн орчимд Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны иргэн 42 настай эрэгтэй Ц нь мөн дүүргийн 22 дугаар хорооны иргэн 38 настай эрэгтэй Э-тэй “Ачаа булаан ачлаа” гэж маргалдан, У-гийн зүүн чихийг сэтэлж танхайрсан хэмээн хохирогч өргөдөл гаргасныг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж буй юм байна.