Сирийн тэмцэгчид Үндэсний зөвлөл байгууллаа

Хуучирсан мэдээ: 2011.08.24-нд нийтлэгдсэн

Сирийн тэмцэгчид Үндэсний зөвлөл байгууллаа

Сирийн тэмцэгчид Башар Аль Ассадын дэглэмийн эсрэг Үндэсний зөвлөлийг байгуулж, зөвлөлийн гишүүд мягмар гаригт Туркийн Истанбул хотноо уулзлаа. Шинээр байгуулагдсан Сирийн Үндэсний зөвлөл улс төрийн хэргээр цөллөгдсөн 60 хүн болоод 60 тэмцэгчдээс бүрдсэн нийт 120 гишүүнтэй байхаар дүрмээ баталжээ. Уг зөвлөлийн гол зорилго нь Сири улсад ардчилсан тогтолцоог бий болгож, гадны улсуудаас хараат бус байхад оршиж байна.

Дээрх шинэ хөдөлгөөний үүсгэн байгуулснаас харахад Сирийн дотор төдийгүй гадна Аль Ассадын дэглэмийн эсрэг сөрөг хүчнүүд болон намууд олон байгаа нь илт байна. Үндэсний зөвлөлийг байгуулахаас өмнө Сирид мөн сөрөг хүчний Үндэсний шилжилтийн зөвлөл гэгчийг байгуулсан.

Умард Африк, Ойрх Дорнодод “2011 оны Арабын хавар” хэмээн нэрлэгдэх болсон бослого үймээн эхэлсний дараагаар Аль Ассадын засаг захиргаа ардчиллын төлөөх хөдөлгөөнийг тараахын тулд жагсагчидруу халдсан явдал нь тус улсад үүссэн нөхцөл байдлыг улам ээдрээтэй болгож хүндрүүлсэн.

Мягмар гаригт АНУ болон Европын орнуудын удирдагчид нэгдэж НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийг Аль Ассад болон Сирийн бусад өндөр дээд албан тушаалтнуудын эсрэг хориг арга хэмжээнүүдийг авах тогтоолыг батлахыг уриалсан юм. Уг тогтоолын хүрээнд Сирийн 23 иргэн, дөрвөн компанид зэвсгийн хориг, жуулчлах эрхийг нь хязгаарлах, хөрөнгийг нь түгжих зэрэг арга хэмжээнүүд орж байна. Харин Бразиль, Хятад, Энэтхэг, Өмнөд Африкийн орнууд Сирийн эсрэг эдгээр хоригуудыг тавихыг эсэргүүцэж байгаа. Аюулгүйн зөвлөл уг хориг тавих тогтоолыг батлахын тулд байнгын гишүүн орнуудаас хамгийн багадаа есөн санал авах ёстой. Түүнчлэн хориг арга хэмжээний хүрээнд Европын холбоо Сирийн түүхий нефтийн импортонд хориг тавих талаар энэ долоо хоногт хэлэлцэж байна.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж