Хуучирсан мэдээ: 2011.08.24-нд нийтлэгдсэн

Солонгос технологи

Монголын хоёр том хан­дивлагч орны төр, засгийн тэр­гүүнүүд Улаанбаатарт болз­­сон мэт уралдан ирэв. Үүнийг Тавантолгой руу урал­даад ирлээ гэж зарим нь хөөрөгдөх. Үнэндээ Ерөн­хийлөгч Ц.Элбэгдорж БНСУ-ын Ерөнхийлөгчийг, Ерөнхий сайд С.Батболд АНУ-ын дэд Ерөнхийлөгчийг зуны дэлгэр цагт ирээрэй гэсэн урилгаар л айлчилсан нь энэ биз. Цаг үеийн тохиолоор Тавантолгойн тен­дерт оролцож буй ор­нууд гэсэн нүдээр харж, хар­даж болно.  Тэр тусмаа Өм­нөд Солонгосын хувьд Та­ван­толгой дахь “оролцоо” нь “өөх ч биш, булчирхай ч биш” болчихоод байгаад тө­рийн тэргүүн нь “санаа зов­ниж” ямар нэг байдлаар нө­лөөлөх гэсэндээ өөрийн биеэр морилон ирж буйд ач хол­богдол өгөхгүй байхын аргагүй. Үүнийг батлах гэсэн шиг БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Мен Баг “Ашигт малтмалын ордуудыг ашиглах чиглэлээр танай улстай хамтран ажил­лах сонирхолтой байна” хэмээ­жээ. Харин АНУ-ын дэд Ерөн­хийлөгч “Монгол, Америкийн харилцаа бодит эрх ашигт тул­гуурладгаас гадна бие биеэ дэмжсэн сайн санааны ха­рилцаатай” байдгийг сануу­лаад одов. Өөрөөр хэлбэл дипломат ёсны нэр томьёогоор “олон тулгуурт” гэж нэрлээд байдаг тэр харилцаа “нуман тулгуурт” орж буй нь энэ.

Монголыг, Тавантолгойг сонирхох нэг хэрэг. Хэн ч сонирхож болно. Харин хэнтэй хамтрах вэ гэдэг өөр хэрэг. Монголыг зоосны нүхээр хараад айлчлан ирж буй эрхэм зочидтой төр, засгийн тэргүүнүүд маш ойл­гомжтой байр суурь илэр­хийлдэг байх ёстой болов уу. Учир нь тэд бизнес ярьж байна. “Хамтрах уу, эс хамтрах уу” гэсэн асуултад нэг мөр хариулт авахаар нэг нь Ерөнхийлөгчтэй, нөгөө нь Ерөнхий сайдтай ганцаарчлан уулзаж, тал талаас нь хурц гэрэл тусгаж байгаад асуусан гэсэн үг.

Энэ нөхцөлд хэн, хэнд нь найр тавиад, бөөрөнхийлөөд байх хэрэггүй. Дэлхийн эв нэгдлийн билэг тэмдэг олимп биш шүү дээ. Шаардлагатай бол хатуурхаж, шантаажилж, эсвэл хөлд нь сууж, буулт хийж, ер яаж ч болно. Гэхдээ ийм үед илэн далангүй ярилцаж байгаа нь энэ гээд далан булчирхайгаа тоочиж, геополитикийн нууцаа задалбал “дайсныхаа гарт буу бариулсантай” адил. Чингис хааны ордныхон эрхэм зочдоо яаж үдсэнийг ирэх өдрүүд харуулна.

Нөгөөтэйгүүр, биднийг Таван­толгойн тендер зарлан хэнийг баяр­луулж, гомдоох нь вэ хэмээн ажиглаж суух хооронд буюу одоогоос арваад хоногийн өмнө БНСУ-ын Төв банкны ерөнхийлөгч Чонгсу Ким Монголд зочилсон. Мэдээж Монголбанкны Ерөн­хийлөгчийн урилгаар.  Нутаг оронд нь түүнийг тун ирээдүйтэй, том улстөрчийн хэмжээнд авч үздэг гэх. Харин манай банкны салбарынханд зориулан уншсан лекцдээ өрсөлдөх чадвар, нээлттэй зарчмыг л онцгой анхааруулж байсан. Тэд өөрсдөө ч манай өрсөлдөгчид. Орчин үед биз­нест хамгийн их мэдээлэлтэй нь ялдаг зарчим үйлчилж байна. Гэтэл бид банкны салбарыг онцгойлон со­нирхсоор байгаа солонгосчуудад өнгөрсөн нэг жилийн дотор хэчнээн их мэдээллээ алдав аа. Энэ нь багадсан мэт Хөгжлийн банкийг удир­дуулахаар болсон. Ингэснээр Монголын хөгжлийн “ноу хау” шууд тэдний гарт орно. Энэ тухай ярихын оронд аль болох ашигтай нүх сүв болгондоо үүрлүүлчихээд, зовлон, жар­­галаа тоочиж суух нь гэнэн гэ­хээсээ илүү тэнэг хэрэг.

БНСУ-ын банкны салбарынхны “Монголын банкууд өрсөлдөх чад­варгүй байна” гэх улиг болсон хат­гааст автаж, Монголбанкнаас саяхан арилжааны банкуудын дүрмийн санг 16 тэрбум төгрөгт хүргэх шийдвэр гаргалаа. Ямар аргаар вэ гэдэг нь тодорхойгүй байгаа нь “ямар ч хамаа­гүй аргаар” гэсэнтэй утга ижил. Уг нь  2010 оны хавар  тэдний зөвлөхүүдийн зааварчилгаагаар бүтцийн өөрчлөлт гэгчийг хийх гэсэн боловч гэрэл цохиулсан учир хойшлуулсан. Тэр үед банкны өөрийн хөрөнгийг зохистой харьцааны шалгуур үзүүлэлт гэгч өндөр босгыг давж гарахаас эмээж буй  арилжааны банкууд бослого гар­гаж ч мэдэхээр байсан. Харин энэ удаа БНСУ-ын Төв банкны ерөн­хийлөгч Чонгсу Кимийн лекцэд энэ санаа дахин цухалзаж байв.

Тухайлбал, “Манай оронд банк­ны салбарыг нээлттэй болгох нь тун чухал байлаа. Гэтэл Засгийн газ­раас ямар ч тохиолдолд дотоодын бан­каа гадаадынханд өгч болохгүй гэж үзэж байсан. Би хувьдаа үүний эсрэг байсан ч Засгийн газрын даал­гав­рыг дагахаас аргагүй байсан. Га­даадын банкууд ч манай дотоодын банкуудын дутагдлыг маш их тайл­барладаг байсан. 1990 оны сүүл хүртэл гадаадын банкууд Солонгост төлөөлөгчийн газраа нээгээгүй. Гэвч 1997 онд хамгийн түрүүнд дам­пуурсан банк нь Солонгосын хамгийн том банк байсан юм. Үүнээс хойш Солонгосын банкуудын тодор­хой хувийг гадаадынхан эзэмших бол­сон. Одоо манай улсын хамгийн том банкны 70-80 хувийг гадаадынхан эзэмшиж байна. Банкууд маань нээлттэй байгаагүй нь 1997 оны сан­хүүгийн хямралд маш их нөлөөлсөн” хэмээн ярилаа. Түүний хэлсэн нь зөв ч байж мэднэ. Гэхдээ бид итгэх ал­багүй. Өө, тийм үү гээд хаалгаа цэ­лийтэл нээж бүр ч болохгүй. Учир нь банк бол улс орны аюулгүй бай­дал­тай холбоотой, тусгаар тогтнол­той холбоотой стратегийн чухал салбар.

Ер нь солонгосчууд манай уул уурхай, банк, аялал жуулчлал гээд стратегийн бүхий л салбар руу гэтэж яваа. Тэгээд ч одоогоор энэ улсын эдийн   засгийн өсөлт, банк, сан­хүү­гийн салбар асуудалтай байгаа. Ийм үед тус улсын удирдагчид айлчлал нэрээр аялал хийж, бусдад заавар зөвлөгөө өгч, шинэ нүх, сүв хайдаг. Үүнийг “Солонгос технологи” ч гэж хэлж болно. Хамгийн гол нь тэртээх Пак Жөн Хи Ерөнхийлөгчийн үеэс л ямар нэг төсөл боловсруулаад, түүнийгээ итгэтэл тайлбарлаж чаддаг байхыг бүх шатны албан хаагчдаасаа шаарддаг байсан гэх юм билээ. Харин манайхан тэрхүү “гоё” төслийн “амттай” төгсгөлийг дүрслэн харж итгэчихээд дагаж намираад байвал “Солонгос технологи” амжилттай хэрэгжүүлж байгаа нь тэр.

У.Оргилмаа

"Улс төрийн тойм" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж