Каддаф дэглэмд төгсгөл ирлээ

Хуучирсан мэдээ: 2011.08.24-нд нийтлэгдсэн

Каддаф дэглэмд төгсгөл ирлээ

Ливийн лидер Мауммар Каддафийн дэглэм нурлаа. Хурандаагийн өөрийнх нь талаар тодорхой мэдээлэл байхгүй. Даваа гаригийн орой гэхэд зарим нэг мэдээгээр Ливийн удирдагч Триполи хотын тавхан хувьд хяналттай тулалдаж байна гэжээ. Харин өөр нэг мэдээгээр тэр Алжирт зугтан гарахаар оролдож байгаа гэнэ. Хотын төв рүү мянга мянган босогчдыг илгээж, Засгийн газрын цэргийн үлдэгдэл хотын төлөө байлдаж байна. Каддафийн хоёр хүү, тэдний тоонд улс орныхоо удирдлагад чухал үүрэгтэй байсан Сейф аль-Ислам босогчдод олзлогдсон гэх мэдээлэл ирж байлаа.

Долоо хоногийн өмнө гарцгүй мухардалд орсон мэт байсан Ливийн иргэний дайны хувь заяа эгшин зуур шийдэгдлээ. НАТО-гийн өргөн цар хүрээтэй бөмбөгдөлт, босогчдынх довтолгооны бүтэлгүй оролдлогууд нь сүүлийн хэдэн сарын турш фронтын хоёр талын хүчний харьцаа тэнцээд, гарцгүй болчихсон мэт харагдаж байлаа. Олон сарын тулаан ба бөмбөгдөлтөд туйлдсан Засгийн газрын хүчний эсрэг сүүлийн долоо хоногт хийсэн босогчдын довтолгоон амжилттай болж, дэглэмийг унагалаа.

Ливийн Үндэсний шилжилтийн зөвлөлийн хяналтад Триполийн өмнөд чиглэлийн Гарьян, Зинтан, Яфран хотууд дараалан орж нийслэл хүрэх замыг нь нээлээ. Дараа нь босогчид Каддафийн цэргээс нийслэлийн баруун талын аз-Завия хотыг чөлөөлөн баруун замыг нь нээв. Триполийг далай талаас нь НАТО-гийн усан онгоцууд бүслэн хаасан байлаа. Хотод хүнс дуусч, цахилгааны болон ундааны усны гачигдал гарч эхэлсэн байв.  Энэ бүгд нь Каддафид өөрсдийн талынхныг дайчлах боломжийг өгсөнгүй.

Ням гаригийн шөнө Триполийн зах руу босогчдын отряд нэвтрэн Каддафийн цэргийнхэнтэй буудалцаан эхлэв. Ням гаригийн өглөөгүүр эрх баригчид цөөн тооны “зэвсэгт гэмт хэрэгтнүүдийн” довтолгоог  няцаалаа хэмээн илтгэж байлаа. Цэргийнхээ санаа сэтгэлийг дэмжихээр Ливийн лидер хэд хэдэн удаа радио, телевизийн илгээлтээ гарган сүүлчийн  тулаанаа хийнэ гэж амласан байв. Гэхдээ оройхон нь Ливийн Мэдээллийн сайд Муса Ибрагим тодруулахдаа “цөөн тооны зэвсэгт гэмт хэрэгтнүүдийн” довтолгооны улмаас 376 хүн амиа алдаж, мянга гаруй хүн шархадлаа гэсэн байв. Хөтлөгч нь гар буу бариад Ардын Жамахирийн төлөө амиа өгнө гэж байсан Ливийн телевизийн кадруудыг дэлхий харж байлаа. Гэхдээ ням гаригийн орой босогчдын олон мянган хүнтэй цуваанууд нийслэлд орж ирэхэд Жамахирийн талынхны дайчин санаа нь манан мэт замхрав.

Ихэнх нь явган, эсвэл пикап машинтай пулеметаар зэвсэглэсэн босогчдын гол хүчин хотын баруун хэсгээс эсэргүүцэлгүйгээр орж ирэв. Каддафийн эсрэг хүчний өөр нэг отряд хотын боомтод буун бага зэргийн тулалдаан хийлээ. Нийслэлийн зүүн хэсэгт босогчид цэргийн томоохон баазыг эзлэн ихээхэн хэмжээний зэвсгийн нөөцтэй болж авав. Мөн тэд нисэх буудлыг эзэлжээ.

Reuters дамжуулснаар босогчид хотод агаарт буудан төрийн далбаагаа барьсаар нүүрэндээ инээд хөөртэйгөөр орж ирсэн байна. Хотын олон мянган хүмүүс тэднийг хөөр болон угтжээ. “Дарангуйлагчаас бид саллаа. Энэ нь миний хувьд цоо шинэ мэдрэмж өгч байна. Би өөдрөг сэтгэлтэй, бурхандаа талархалтай байна” хэмээн Reuters-ийн сурвалжлагчид 34 настай төрийн албан хаагч ярьжээ.

Удалгүй босогчид бараг сөргөлдөөнгүйгээр Ливийн телевиз ба хотын төв Ногоон талбайг эзлэн авчээ. Энэ талбайд Каддафи өөрийн талынхнаа цуглуулан “ногоон номоороо” даллан тэдэнд үгээ хэлдэг байснаас Ногоон гэсэн нэртэй болсон байлаа. Босогчид тэр талбайг “Үзэл бодлынхоо төлөө амиа алдсан шаналан тарчлагчдын” гэж өөрчлөн нэрлэсэн байна. Жамахири телевиз нь болж буй хэрэг явдлыг орхин, зүрх судасны өвчний тухай нэвтрүүлж байгаа Шабакия суваг нь шархадсан иргэдээс Каддафийг өрөвдсөн ярилцлага аван үзүүлж байгаа гэнэ. Тэр телевиз хоёр хөвгүүнээ алдсанд нь Каддафид эмгэнэл илэрхийлсэн байв.

Хотод Каддафийн хөргийг уран шатааж дэвсэлж байлаа. Мөн хүмүүс Засгийн газрын ногоон тугийг шатааж байна. Зарим нэг мэдээгээр Триполи ийм хурдан унасан нь цэргийн командлагчийн  хотод эсэргүүцэл үзүүлэхгүй, шилжилтийн үндэсний зөвлөлийг дэмжих гэсэн шийдвэр байсан гэнэ. Каддафийн үндэсний гварди бараг эсэргүүцэлгүйгээр буун өгсөн байна. Ногоон талбайг бүсэлсэн  байшингууд дээр байсан мэргэн буучид мөн хотын янз бүрийн дүүргүүдэд армийнхан босогчдод бууж өгөн тэдний талд орж байгаа ажээ.

Босогчид зургаан сарын турш хаалттай байсан интернэтийг Ливид эргүүлэн авчирлаа. Тэд улсын интернет-провайдерын хяналтыг авчээ. Шуурхай холбооны улсын  хоёр компани нь зээлийн боломжийн төвшинг үнэ төлбөргүйгээр 25 фунт стерилинг болгон нэмсэн байна гэж ВВС дамжууллаа.

Каддафийн хувь заяаны талаар тодорхой мэдээлэл байхгүй хэвээр байна.  Даваа гаригт шилжих шөнө мэдээний агентлагууд НҮБ-ын Олон улсын шүүхийн мэдээнээс үндэслэн хурандааг баригдсан гэж мэдээлснээ дараа нь үгүйсгэв. Харин түүний хоёр хүү баривчлагдсан гэж байв. Эхний эхнэрийнх нь цорын ганц хүү Мохаммад аль-Каддафи  улс төрд орлцдоггүй, эцгээсээ хол байсан ба түүнийг босогчид аюулгүй байдлынх нь үүднээс хамгаалалтдаа аван саатуулсан бололтой. Харин бага хүү Сейф аль-Ислам сүүлийн үед дарангуйлагчийн хүрээнд чухал үүрэгтэйгээр зэвсэгт ажиллагааны зохицуулалтыг хийж иржээ. Түүнийг Гаагийн олон улсын шүүхээс баривчлан шүүх шийдвэрийг аль эрт гаргасан байлаа.  Дарангуйлагчийн хүрээнээс баривчлагдсан хамгийн том хүн нь тэр болов. Түүнийг олон улсын шүүхэд шилжүүлэх ажил эхлээд байгаа гэнэ.

Триполид ажиллаж байсан эмнэлгийн сувилагч британи эмэгтэй сурвалжлагч нарт ярихдаа Каддафийн өргөөнөөс хар утаа олгойдон их бууны буудлага болж байна гэжээ. Тэнд хүчтэй тулалдаан болж байгааг ВВС дамжуулсан байв. Каддафийг Тажур хотын эмнэлэгт байгаа гэж Аль-Аравия телевиз дамжуулсан нь батлагдаагүй, тэрээр өргөөнийхөө нуувчинд байж болох тухай мэдээ ч ирж байна. Каддафи Алжирийн хилээр зугтах гэж байгаа гэсэн мэдээлэл ч батлагдсангүй. Мөн Каддафийн бас нэг хүү Саади олзлогдсон байж магадгүй.

Ливийн лидерийн хүү Сейф аль-Ислам Каддафи наймдугаар сарын 23-ны өглөө Триполи хотод орших Agence France-Presse ба BBC News агентлагуудын сурвалжлагч нартай уулзжээ. Тэрээр Баб аль-Азизия дүүрэг дэх эцгийнхээ өргөөнд сурвалжлагч нартай уулзсан байна. Богинохон уулзалтын үеэр тэр “Триполи бидний хяналтад байна” гэж мэдэгджээ. Тэрээр Британийн сурвалжлагчид хэлэхдээ эцэг Муаммар Каддафи нь Триполид байгаа гэв.

Өмнө нь Каддафийн гурван хүүг барьсан гэж байснаас 22-ны орой том хүү Мохаммадыг  оргосон гэж байлаа. Наймдугаар сарын 23-ны өглөө Ливийн Мэдээллийн сайд Муса Ибрагимын мэдэгдлийг “Al-Urubah” дамжуулахад тэр хотын 95 хувийг хяналтдаа авсан гэх босогчдын яриа худал гээд Засгийн газрын хүчин нийслэлийн 75 хувийг хянаж байна гэжээ. Триполид 20-ноос эхлэн довтолж, хотын ихэнхийг эзлээд байсан босогчид 23-ны өглөө гэхэд өмнө эзэлсэн зарим газраа орхисон бололтой. Одоо хэн хотын ихэнхийг хянаж байна вэ гэдэг нь тодорхойгүй хэвээр байна.

Энэ цагаар АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама босогчдод ялалтын баяр хүргэжээ. “Энэ түүхэн эргэлтийн эгшинд Үндэсний шилжилтийн зөвлөл ардчилалд хүрэх, хүний эрхийг дээдлэн сахиж, энгийн иргэдийн дунд хохирол гаргалгүй, төрийн институтуудыг хамгаалах хэрэгтээ тэргүүлэх ёстой” гэдгийг Обама онцолсон байв. “Цус урсгахыг зогсоох хамгийн энгийн арга бол Муамар Каддафи болон түүний дэглэм тэдний засаглалд төгсгөл ирлээ гэдгийг ойлгох ёстой” гэж АНУ-ын ерөнхийлөгч санууллаа. Тэрээр АНУ нь Ливийг ардчиллын замд зогсоход нь туслах болно гэдгээ илэрхийлсэн байв.

НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Андерс Фог Расмуссен ч ливичуудад бүх талын тусламж үзүүлэх болно гэв. Тэрээр эвслийн цэргийн ажиллагаа үүгээр дуусаагүй, НАТО Ливийн нутаг дэвсгэр дэх цэргийн чухал байгууламжуудад хяналтыг үргэлжлүүлэн хийнэ гэсэн байв. Үүгээр энгийн ард иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах ажээ.

НАТО эцсийн дүнд ялалт байгуулж чадлаа. Ливид явуулж байгаа ажиллагааны эхнээс нь энэ талд эргэлзэх зүйлгүй, зөвхөн цаг хугацааны асуудал л байсан юм. НАТО-гийн ялалт нь Баруунд шинэ итгэлийг өгч, тэдний зүгээс Сирид үзүүлэх шахалтыг нэмэгдүүлэх нь ойлгомжтой.

Сүүлийн хоногуудад НАТО-гийн нисэх хүчний бөмбөгдөлтөөр Ливийн нийслэл дэх Аюулгүй албадынх нь штабуудад ноцтой хохирол үзүүлж, хотын эсэргүүцлийн хүчийг ихээхэн сулруулсан байлаа. Мөн босогчдын довтолгооны явцад Ливийн Засгийн газрын хүчний хүнд техникүүдийг агаараас сөнөөсөн байв. Энэ нь НАТО-г дайнд шууд оролцлоо гэж хэлэхээр байгаа ч НАТО зөвхөн ливичуудыг хамгаалах мандаттай гэж байгаа юм. Үүний зэрэгцээ НАТО босогчдын түр засгийг итгэн дэмжиж байгаа билээ.

Хурандаа Каддафийн дэглэм нь айдаст үндэслэгдсэн, тус оронд төрийн институтууд байхгүй, омгийн дэмжлэгээс өөр засаглалын тулгуургүй байв. Одоо л босогчдын засгийн асуудлууд жинхэнээр эхэлж байна.

Ливийн босогчид энэ сарын эхээр Мауммар Каддафийг ялсны дараа улс орноо хэрхэн байгуулан бэхжүүлэх төлөвлөгөөг гаргасан байлаа. Тэр 70 хуудастай төлөвлөгөөнд босогчид хэрхэн улс орноо товхинуулах талаар бичсэн байв. Каддафийг унасны дараа босогчид түүний хүрээнийхнийг ашиглана гэсэн байлаа. Тэднээс олон хүн босогдын талд орж ирнэ гэж тооцоод албан тушаалтнуудын 70 хувийг засаг захиргааны бүтцэд ашиглах гэнэ. Тэд бараг сарын өмнөөс албан тушаалтнуудын олон хүнтэй холбоотой болсон байжээ. Каддафигаас салсан хүчний том тушаалтнууд нь Аюулгүйн аппаратыг толгойлох гэнэ. Аюулгүйн шинэ аппаратын тусламжтайгаар теле холбоо, зам тээвэр, эрчим хүчний дэд бүтцийг хатуу хяналтад авах гэнэ. Үүний дараа 10-12 мянган хүнтэй  армийг байгуулах ажээ. Орон нутгийн удирдлагын хүчийг ашиглан тус орны баруун хэсгийн захиргааг бүрдүүлэх юм байна. Иймэрхүү ажлыг тэд засгийг бүрэн аваад хамгийн түрүүнд хэрэгжүүлж эхлэх гэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж