Жүдо-ДАШТ: Нэг дэх өдөр

Хуучирсан мэдээ: 2011.08.23-нд нийтлэгдсэн

Жүдо-ДАШТ: Нэг дэх өдөр

Францын нийслэл Парис хотноо жүдо бөхийн 2011 оны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэллээ. Өнгөрсөн жилээс эхлэн улс болгон жин тус бүрт хоёр тамирчнаа сойх боломжтой болсон тул дэлхийн аваргад оролцогчдын тоо эрс нэмэгдэж, энэ жил гэхэд л 132 орны эрэгтэй 518, эмэгтэй 354, нийт 872 жүдоч эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жингийн ангилалд дэлхийн аварга цолны төлөө өрсөлдөхөөр Парист цуглажээ.

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр буюу өнөөдөр эрэгтэйчүүдийн 60, 66 кг, эмэгтэйчүүдийн 48 кг-ын жингийн барилдаан болж, эдгээр жинд Монголын баг тамирчдаас Ч.Болдбаатар /60 кг/, Д.Төмөрхүлэг /60 кг/, Х.Цагаанбаатар /66 кг/, С.Мияарагчаа /66 кг/, М.Уранцэцэг /48 кг/, Б.Бат-Эрдэнэ /48 кг/ нарын зургаан жүдоч дэлхийн аваргын татамид хүч үзлээ.

Афины олимпийн хүрэл медальт, 2009 оны дэлхийн аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, ШШГЕГ-ын харьяа “Сүлд” спорт хороо, “Оюутолгой”-н элч тамирчин Х.Цагаанбаатар 66 кг-ын жинд зодоглож, дэд хэсгийн аваргын төлөөх барилдаанд БНСУ-ын бөх Чо Жун-Ход ялагдлаа.

Х.Цагаанбаатар эхний барилдаандаа Энэтхэгийн Манжеет Нандалыг, улмаар БНХАУ-ын Лью Ренванг, дараа нь Гүржийн бөх Дэвид Асумбани нарыг цэвэр буулган авсан юм. Харамсалтай нь, дэд хэсгийн аваргын төлөөх барилдаанд 2011 оны Азийн аваргын хүрэл медальт, мөн энэ жилийн Дюссельдорфын гран-при тэмцээний мөнгөн медальт Чо Жун-Ход торгуулиар юүко үнэлгээ алдсанаар ялагдал хүлээлээ. Хэрэв энэ барилдаанд ялсан бол удаахь барилдаан буюу хэсгийн аваргын төлөөх барилдаанд ялагдсан ч дагах барилдаанд зодоглох боломжтой байсан юм.

Х.Цагаанбаатарын хамт 66 кг-д хүч сорьсон ОУХМ С.Мияарагчаа эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойргийн барилдаанд Европ тивийн хошой хүрэл медальт, ОХУ-ын бөх Алим Гадановт вазари үнэлгээгээр ялагдсан.

Харин 60 кг-ын жинд хүч сорьсон Монголын хоёр жүдоч хоёул хоёрдугаар тойргийн барилдаанаас тэмцээнийг орхисон. Залуучуудын дэлхийн аваргын хошой мөнгөн медальт Д.Төмөрхүлэг эхний тойрогт хийлсэн боловч хоёрдугаар тойргийн барилдаанд Японы жүдоч Хирофүми Ямамототой барилдаж, хоёул ижил вазари үнэлгээ аваад байсан ч 2:20 минутад цэвэр ялагдав. Харин Ч.Болдбаатар мөн эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Францын бөх Иссам Нурт цэвэр ялагджээ.

Эмэгтэйчүүдийн тухайд 48 кг-ын жинд ОУХМ М.Уранцэцэг эхний тойргийн барилдаанд хийлж, улмаар хоёрдугаар тойрогт Румыны бөх Алина Думитрутай сугалаа таарч барилдан, цэвэр ялагдсан. Мөн энэ жинд өрсөлдсөн Б.Бат-Эрдэнэ эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойргийн барилдаанд Кубын жүдоч Местре Алварезид вазари үнэлгээгээр ялагдсан юм.

Ийнхүү дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр зодоглосон Монголын зургаан жүдоч тэмцээнээ дуусгалаа. ДАШТ маргааш эрэгтэйчүүдийн 73 кг, эмэгтэйчүүдийн 52, 57 кг-ын жингийн барилдаанаар үргэлжилнэ. Эдгээр жинд Монголын баг тамирчдаас Г.Одбаяр /73 кг/, С.Ням-Очир /73 кг/, өнгөрсөн жилийн дэлхийн аваргын хүрэл медальт, Гавьяат тамирчин М.Бундмаа /52 кг/, ОУХМ Б.Солонго /52 кг/, Д.Сумъяа /57 кг/, Т.Баттөгс /57 кг/ нар барилдана.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж