Гал түймэрт хоёр хүн өртөж нас баржээ

Хуучирсан мэдээ: 2011.08.23-нд нийтлэгдсэн

Гал түймэрт хоёр хүн өртөж нас баржээ

Он гарснаас хойш Нийслэлийн онцгой байдлын газарт 1200 гаруй обьектын галын дуудлага ирж, гал түймэрт 27 хүн амь насаа алдсан байна.

Өчигдөр л гэхэд 34-47 насны хоёр хүн галд амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, 19.00 цагийн үед нийслэлийн Сүхбаатар дүүргийн XII хороонд дөрвөн ханатай гэр шатаж, гал түймэрт эрэгтэй хүн өртөж нас барсан, мөн өнөөдөр 02.00 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт таван ханатай гэр шатаж 30 гаруй насны эрэгтэй хүн нас барсан байжээ.  Дээрх хүмүүс ямар шалтгаанаар амь насаа алдсаныг цагдаагийн байгууллага үргэлжлүүлэн шалгаж байгаа аж. 

Нийслэлийн хэмжээнд гарч буй галын шалтгааны ихэнх нь хүмүүсийн санамсар болгоомжгүй үйлдэлтэй холбоотой байна. Өөрөөр хэлбэл, иргэд хариуцлагаа өндөржүүлэх шаардлагатай байна.  Өнгөрсөн жил орон нутагт аав, ээж хоёр нь лаагаа унтраалгүй гэрээсээ гарснаас унтаж байсан бага насны хүүхдээ гал түймэрт алдсан харамсалтай хэрэг гарч байсан.  Иймд ард иргэдийг ахуйн хүрээний гал түймэрт өртөхгүйн тулд анхаарал болгоомжтой байж  ялангуяа согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ татсан тамхи, асаасан шүдэнз, лаагаа  бүрэн унтраах, мөн айл өрхүүд  пийшин зуухны аюулгүй байдлыг хангаж яндангийн оч алдахаас сэргийлэх, үнс нурмаа бүрэн гүйцэт унтраан галын аюулгүй байдлаа хангахыг НОБГ-аас сэрэмжлүүлж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж