Монгол, Солонгосын харилцаа шинэ шатанд гарав

Хуучирсан мэдээ: 2011.08.22-нд нийтлэгдсэн

Монгол, Солонгосын харилцаа шинэ шатанд гарав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  Бүгд Найрамдах Солонгос Улсын
Ерөнхийлөгч Ли Мен Баг  нар хоёр орны харилцаа шинэ шатанд гарсныг
зарлалаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэвлэлд хандан мэдэгдэхдээ “Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар манай оронд төрийн айлчлал хийж буй БНСУ-ын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Ли Мен Багтай албан ёсны хэлэлцээ хийж, Монгол Улс, БНСУ-ын харилцааны хөгжил , бүс нутаг болон олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлаар элэгсэг дотно, ажил хэрэгч уур амьсгалд санал солилцож, олон асуудлаар нэгдмэл ойлголтод хүрлээ. Манай хоёр орны харилцаа  улс төр, эдийн засаг, худалдаа соёл, боловсрол, хүмүүнлэгийн салбарт болон бүс нутаг, олон улсын тавцанд өргөжин хөгжиж ирсэнд сэтгэл ханамжтай байгаагаа хэлэлцээний явцад дахин нотоллоо. Цаашид харилцаа хамтын ажиллагааг бүх салбар, чиглэлд гүнзгийрүүлэн “Иж бүрэн түншлэл”-ийн зарчмаар хөгжүүлэхээр тохирлоо.

Хоёр орны хооронд улс төрийн харилцаа тогтмол хөгжиж, өндөр дээд хэмжээний айлчлалын давтамж хадгалагдаж байгаа бөгөөд, цаашид хамтын ажиллагааны нэгдсэн зохицуулалтыг хангах үүрэг бүхий Засгийн газар хоорондын зөвлөлдөх механизм байгуулах шаардлагатай гэдэгтэй Ерөнхийлөгч нар санал нэгдэв.

Манай хоёр улс ардчилал, зах зээлийн тогтолцооны нийтлэг үнэт зүйлсийг дээдэлдэг орнууд. Монгол Улс 2011-2013 онд Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг даргалах хүндтэй үүрэг хүлээсэн. Тийм учраас нийтлэг үнэлэмж, хүсэл сонирхол бүхий Солонгос Улстай ардчиллыг бэхжүүлэх чиглүүлэлээр хамтран ажиллах, “Ардчиллын төлөө Азийн түншлэлийн санаачилга” гэсэн шинэ санаачилгыг бид хамтран эхлүүлэхээр тохирлоо.

Монгол Солонгосын хооронд хүмүүнлэгийн салбар эрчимтэй хөгжиж байна. Бид харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөх чиглэлээр хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэхээр тохирлоо.

БНСУ-ын Засгийн газар, Монгол Улсын эдийн засгийн өсөлт, хүний хөгжлийг дэмжихэд зориулж 300 сая ам.долларын хөнгөлттэй зээл олгохоор болж, энэ зээлийн хүрээнд “Үндэсний оношлогоо, эмчилгээний төв” байгуулах төслийг хэрэгжүүлэх талаар зарчмын тохиролцоонд хүрлээ.

Байгал орчинд ээлтэй ногоон үйлдвэрлэлийг дэмжих, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах чиглэлээр хоёр Ерөнхийлөгчийн гаргаж буй санал санаачилгууд ижил бөгөөд, энэ чиглэлд хамтран ажиллахаар боллоо.” гэв.
Ерөнхийлөгч Ли Мен Баг халуун дотноор хүлээн авч байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч, Тэргүүн хатагтай  болон монголын ард түмэнд талархаад, солонгосын ард түмний чин сэтгэлийн мэндчилгээг дамжууллаа. “ Монгол Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Ц.Элбэгдоржтой ганцаарчилсан уулзалт, өргөтгөсөн хэлэлцээ хийж хоёр орны харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр ярилцлаа. Монгол Улс бол байгалийн баялгаараа дэлхийд эхний аравт орох асар их нөөцтэй. Энэхүү баялгийг эдийн засгийн эргэлтэд оруулах хүрээнд дэд бүтцийн салбарт мөн  технологийн чиглэлээр хамтран ажиллах өргөн боломж бидэнд бий.
Танай ард түмэн бол ардчилалд тайван замаар шилжсэн бахархам түүхтэй ард түмэн. “Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг”-ийг даргалах болсон нь ардчиллыг бэхжүүлж, хөгжлийн тогтвортой байдлыг хангахад чухал ач холбогдолтой гэж бодож байна. Ерөнхийлөгчийн удирдах чадвар болон ард түмний нөр их хөдөлмөрийн үр дүнд та бүхэн эдийн засгийн өсөлтөө хадгалж чадсан, цаашдаа ч тавьсан зорилтдоо хурдан хүрнэ гэдэгт итгэж байна.

Өнөөдрийн дээд хэмжээний уулзалтын үр дүнд хоёр орны харилцааг “Иж бүрэн түншлэл”-ийн хэмжээнд хөгжүүлэхээр боллоо. Бид эрдэс баялаг, эрчим хүч, эрүүл мэнд, хүмүүнлэгийн салбарт харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар дэлгэрэнгүй ярилцсан. Түүнчлэн технологи нэвтрүүлэх, хүний нөөц бэлдэх чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.

Харилцан зорчих иргэдийн тоог нэмэх, агаарын тээврийн давтамжийг нэмэх, виза олголтыг хөнгөлөх талаар танай талаас тавьсан хүсэлтийн дагуу бид хамтран ажиллахаар болов.

Мөн бид , Азийн бүс нутгийн хамтын ажиллагаа чухал болохыг тэмдэглэхийн зэрэгцээ “Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг”-ийг даргалж буй Монгол Улс, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн идэвхи санаачилгыг бүх талаар дэмжиж байгаагаа илэрхийлж байна.

Миний энэхүү айлчлалаар дамжин хоёр орны хамтын ажиллагаа улам бүр өргөжин хөгжиж, манай ард түмний харилцаа найрсаг сайхнаар дотносож байгаад би талархалтай байна. Дахин уулзахын ерөөл тавья” гэлээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж