ЭХЭМҮТ-д бэлэг гардуулав

Хуучирсан мэдээ: 2011.08.22-нд нийтлэгдсэн

ЭХЭМҮТ-д бэлэг гардуулав

Энэ оны наймдугаар сарын 22-ны өдөр БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Мён Багийн гэргий, тус улсын тэргүүн хатагтай Ким Юнь Уг ЭХЭМҮТ-д айлчлан тус төвийн үйл ажиллагаанд шаардлагатай байгаа тариурын автомат шахуурга (syringe pump) 200 ширхэгийг хандивлан тус төвд хэвтэн эмчлүүлж буй хүүхэд багачууд, тэдний ар гэрийнхэнд сэтгэлийн дэм үзүүллээ. Энэхүү тоног төхөөрөмжийг хандивласнаар тус төвийн эмчилгээний чадавхийг бэхжүүлэхээс гадна төрөөс эрүүл мэндийн салбарт тавьж буй томоохон зорилтуудыг биелүүлэхэд бага ч атугай хувь нэмэр болно хэмээн найдаж байна.

*Syringe pump : Тарих эмийн бодисын  хэмжээг урьдчилан тохируулж тодорхой цаг болон тунгаар өвчтөнд эмийн эмчилгээ хийх бага оврын эмнэлэгийн тоног төхөөрөмж

ЭХЭМҮТ-д жилдээ 9 мянга гаруй эх амаржиж, 34 мянган өвчтөн хэвтэж эмчлүүлэхээс гадна 135 мянган хүн амбулатороор үйлчлүүлдэг Монгол улсын хамгийн том төрөлжсөн эмнэлэг төдийгүй Эх хүүхдийн эрүүл мэндийн асуудлыг хариуцсан үндэсний лавлагаа төв юм.

Тариурын автомат шахуурга нь өвчтөнд тарих тарианы хэмжээ болон хугацааг тохируулан автоматаар шахагч багаж бөгөөд эмч сувилагч нь хажууд нь байхгүй байсан ч тогтмол даралтаар эмийн эмчилгээг тасралтгүй хийх боломжийг олгодог.

Тус төвийн эмч ажиллагсад болон хэвтэн эмчлүүлж буй өвчтөн,тэдний ар гэрийнхэн энэ талаар санал хүсэлт тавьж байсан бөгөөд төвийн захиргааны зүгээс ч гэсэн энэхүү хүсэлтийг хүлээн авч Солонгос-Монгол 2 орны эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааны хүрээнд хийж хэрэгжүүлэхээр Солонгосын талд саналаа тавив. Ийнхүү Монгол Улсад суугаа БНСУ-ын ЭСЯ болон Солонгосын Хамтын Ажиллагааны Байгууллага(КОЙКА)-ын холбогдох хүмүүс тус төвийн үйл ажиллагаатай танилцан санал хүсэлтийг нь сонсож уг тоног төхөөрөмжийг хандивлахаар тохиролцсон.

Энэ удаа хандивлаж буй тоног төхөөрөмж нь хэдий их биш ч гэсэн тухайн эмнэлэгийн хэвтэн эмчлүүлж буй өвчтнүүдэд эрүүл мэндийн чанартай үйлчилгээг үзүүлэхэд дэмжлэг болно хэмээн тус эмнэлэгийн нийт эмч ажиллагсад талархалтай хүлээн авч байна. Нөгөө талаар МУ-ын ЗГ-аас эх нялхасын эндэгдлийг бууруулах, эрүүл мэндийн үйлчилгээний чанар, орчинг сайжруулах бодлого баримтлан цөөнгүй төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж буй бөгөөд хөрөнгө оруулалт, техник технологи, хүний нөөцийн асуудлуудыг шийдвэрлэх болон хөдөө орон нутгийн эмнэлгийн үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, нийгмийн эмзэг давхаргын иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэх тал дээр цаашид хийж гүйцэтгэх ажил багагүй байна. Энэ удаагийн арга хэмжээ нь монголын эх хүүхдийн эрүүл мэнд төдийгүй эрүүл мэндийн салбарын хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулна хэмээн найдаж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж