Б.Хурцын талаар албан ёсны мэдээ алга

Хуучирсан мэдээ: 2011.08.22-нд нийтлэгдсэн

Б.Хурцын талаар албан ёсны мэдээ алга

“Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга Б.Хурцыг ХБНГУ-ын талд шилжүүлнэ” хэмээн түүний өмгөөлөгчөөр ажилласан Алун Жонс Гадаад харилцааны сайд Б.Болорт мэдэгдсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан. “Давж заалдахгүй” гэдгээ өөрийн биеэр мэдэгдсэн Б.Хурцыг наймдугаар сарын 20-ны өдөр Герман руу шилжүүлсэн гэх дотоодын зарим сонин, хэвлэлд гарч байгаа ч албан ёсны мэдээлэл алга.

Одоогийн байдлаар түүнийг Германы талд шилжүүлсний дараа хаана цагдан хорьсон нь тодорхойгүй байна. Энэ талаар тодруулах гэсэн боловч Гадаад харилцааны дэд сайд Ажлын хэсгийн ахлагч Б.Болор гадаад руу албан ажлаар явсан байна. Харин ажлын хэсгийн ахлагчаар томилогдсон ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Баясгалангаас тодруулах гэсэн боловч “хариу өгсөнгүй”.  Б.Хурцыг Берлинд газардсан гэх мэдээлэл Англид суугаа Элчин сайдын яаманд ирснээр албан  ёсных болох аж. Энэ талаар Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Д.Ганхуягаас  тодруулахад  “Би мэдэхгүй. Ажлын хэсгийн дэд дарга Д.Баясгалангаас асуу” гэсэн хариулт өгч байна.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж