Ойрхи Дорнодод шинэ дайн нүүрлэлээ

Хуучирсан мэдээ: 2011.08.22-нд нийтлэгдсэн

Ойрхи Дорнодод шинэ дайн нүүрлэлээ

Өнгөрсөн пүрэв гаригт Израильд хийгдэж, найман хүний аминд хүрсэн аллага Ойрхи Дорнодын байдлыг маш хурцатгалаа. Эйлатаас холгүй явсан автобусыг Египетээс орж ирсэн Газын дайчид буудсан гэдэгт Израиль итгэлтэй байгаа учраас түүний хариуд Газын зурвасыг бөмбөгдөж, арван хэдэн дайчинг устгасны дотор хэд хэдэн Египетийн хилчид оржээ.

Палестины автономийн тэр­гүүн Махмуд Аббас НҮБ-ын Аюул­гүйн зөвлөлийн яаралтай хуралдааны хуралдуулан Палестины хяналтын Газын зурваст Израилийн хийсэн агаарын цохилтыг мөрдөн байцаахыг шаардлаа. Палестиныг чөлөөлөх байгууллагын гүйтэтгэх хорооны гишүүн Саиб Орейкатын хэлснээр тэр цохилтнуудыг болиулах ёстой гэнэ. Хэрэг явдлыг Арабын орнуудын лиг ням гаригаас авч хэлэлцэж байна.

Израилийн нисэх хүчин пүрэв гаригаас бөмбөгдөлтөө эхлэн “Ард түмний эсэргүүцлийн хороод” гэгчийн удирдагч нарыг устгажээ. Баасан гаригийн өглөө Израилийн онгоцнууд бөмбөгдөлтөө үргэлжлүүлэн 11 удаа  цохилт хийх үеэр хоёр хүн алагдсаны нэг нь 13 настай хүү байв. Мөн өөр 19 хүн шархаджээ. “Reuters” агентлагийн мэдээ­гээр Палестины 15 хүн алагдсан байна. Израилийн Батлан хамгаалах яамны мэдээгээр зэвсгийн нэг агуулах мөн нууц наймааны хоёр хонгилыг устгасан байна.

Палестинчууд хариуд нь Израилийн Ашдод хотыг пуужингаар буудлаа. “Хоёр пуужин Ашдодын оршуулгын газрын талбайд туссан ба нэг нь эзгүй газар унажээ. Энэ үеэр гурван ажилтан шархадсан гэж Хотын зөвлөлийн төлөөлөлгч Инна Штейнберг хэлжээ. Бямба гаригт шилжих шөнө Газын зурвас дахь ХАМАС бүлэглэл хоёр жил шахуу хүчин төгөлдөр байсан гал зогсоох хэлэлцээрээ Израильтай зогсоож байгааг зарлав.

Палестины нутаг дэвсгэрт довтолсон нь Египетийн хилийн ойролцоо хийгдсэн аллагын хариу гэж Израиль мэдэгдэж байна. Тэр өдөр цөл дэх 12 дугаар авто зам дээр шугамын автобус ба хөнгөн тэргийг буудлагын зэвсэг, танк эсэргүүцэх сумаар буудаж найман израиль хүнийг хөнөөн, 25-ыг нь шархдуулсан байлаа. Гэрч нарын яриагаар буудсан хүмүүс Египетийн цэргийн хувцастай байжээ. Дараа нь тэднийг Газын зурвасаар Египетээр дамжин орж ирсэн дайчид гэж Израиль мэдэгдсэн байлаа. Израилийн Батлан хамгаалах яамны сайд Эхуд Баракийн хэлснээр энэ хэрэг нь Египет Синайн хойгийн хяналтаа сулруулсны улмаас террористуудын байрлалаа бэхжүүлсний гэрч  болж байгаа ажээ.

“Хэрэв та нар израильчуудад зовлон тариад байвал бид шууд хүчээр хариулна гэж би зарчмын хувьд шийдлээ. Тэр зарчим өнөөдөр хэрэгжив. Манай иргэдийг алах тушаал өгөөд Газын зурваст нуугдсан хүмүүс өнөөдөр бидний дунд байхгүй болсон. Израиль террористуудын лиерүүдээс өндөр үнээр нөхвөр шаардах болно” хэмээн тус улсын ерөнхий сайд Беньямин Нетаньягу хэлснийг “Reuters” мэдээлэв. Эйлатад хийгдсэн аллагад “Ард түмний эсэргүүцлийн хороод” гэх палестины байгууллагыг буруутгаж байгаа бөгөөд тэдний удирдлагыг өнгөрсөн пүрэв гаригт Израилийн нисэх хүчин устгажээ.

Агаарын цохилт өгөхийн зэрэг­цээ Израиль Египеттэй хилээ бэхжүүлж байна. Тэд эргүүлээ чангатгасан ба тэнд бас хохиролгүй өнгөрсөнгүй. Зургаан египет хил­чид алагджээ. Тэдний гурвыг нь нисдэг тэрэгнээс буудсан ба өөр гурван хилчин Израилийн тусгай албаныхантай буудалцах үеэр уст­гагд­сан байв. Египет өөрсдийн иргэ­дийг хөнөөсөн гэж Израилийг албан ёсоор буруутгалаа. Хоёр орны дипломат харилцаа тасрахдаа хүрээд байна. Египет элчин сайдаа эргүүлэн дуудсан бөгөөд Каир хот­ноо Израилийн Элчин сайдын яамны өмнө эсэргүүцлийн жагсаал гарч Египет ийм зүйлтэй эвлэрэхгүй байхыг тэд шаардаад Элчин сайдын яам хүрэх замыг хаана гэж жагсагчид мэдэгдээд байна.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж