Туркийн Ерөнхий сайд Сомалид айлчилж байна

Хуучирсан мэдээ: 2011.08.20-нд нийтлэгдсэн

Туркийн Ерөнхий сайд Сомалид айлчилж байна

Туркийн Ерөнхий сайд Тайип Эрдоган болон түүний гэр бүл дэлхий нийтэд тогтсон Африкийг үзэх гашуун үзлийг халж, тус тивийн үүд хаалгыг олон улсад нээхээр Сомалийн нийслэл Могадишуд хүрэлцэн иржээ. Дайны хөлд нэрвэгдсэн Могадишуд Туркийн төлөөлөгчид хүрэлцэн ирсэн явдал нь сүүлийн 20 жилийн хугацаанд Африкаас бусад тивээс ирсэн анхны төлөөлөгч болжээ. Айлчлалын багийн бүрэлдэхүүнд ноён Эрдоганыг дагалдаж Туркийн гадаад хэргийн сайд яваа аж. Зүүн Африкийн улсууд энэ зун сүүлийн 60 жилд тохиогоогүй гамшиг дагуулсан ган гачгийн аюултай тэмцэлдэж байгаа ба НҮБ-ын тооцоолсноор 12 сая орчим хүн хүнс тэжээлийн дутагдалд ороод байгаа.

Ноён Эрдоган Могадишуд хүрэлцэн ирсэн явдал нь завсрын сул засгийн газраар удирдуулсан Сомалийн хувьд хүндтэй зочин болж байна. Туркийн ерөнхий сайдын айлчлалын өмнөхөн Мусульман шашинт орнууд 350 сая ам.долларын тусламжийг Зүүн Африкт хандивлахаа мэдэгдсэн юм. Ноён Эрдоганы айлчлалын гол зорилго нь Могадишуг хүн ирж болдоггүй газар огт биш гэдгийг олон улсад сурталчилж, Африкийг үзэх олон улсын хандлагыг нааштайгаар эргүүлэхэд оршиж байгаагийн зэрэгцээ Туркийн ард түмний хандиваас цугларсан115 сая ам.долларын тусламжийг Сомалид хүргэхэд оршиж байна. Айлчлалын үеэр ноён Эрдоган Могадишугийн нисэх буудлын замыг сайжруулан засч, эмнэлэг, сургуулиудыг шинэчлэн байгуулж, усны худгуудыг гаргаж өгнө гэлээ. Сомали улсад зөвхөн ган гачиг, өлсгөлөн нүүрлээд зогсолгүй халдварт өвчнүүд тэр дундаа холерын тархалт газар аваад байна. Могадишуд одоогийн байдлаар 4,000 орчим хүн холерын халдвар авчээ.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж