Засгийн газрын 267 мянган ширхэг бонд арилжжээ

Хуучирсан мэдээ: 2011.08.20-нд нийтлэгдсэн

Засгийн газрын 267 мянган ширхэг бонд арилжжээ

Монголын хөрөнгийн бирж энэ сарын 15-19-ний хооронд таван удаа үнэт цаасны арилжаа явуулж, 52 ХК-ийн 3.1 сая ширхэг хувьцааг 987.3 сая төгрөгөөр арилжлаа.

2011 оны наймдугаар сарын  16-ны өдрийн үнэт цаасны арилжаагаар ноос ноолуур болон жижиг дунд үйлдвэрийг дэмжих  хөтөлбөрийн санхүүжилтэд зориулсан нэг бүр нь 100 мянган төгрөгийн нэрлэсэн үнэтэй, нийт  267 мянган ширхэг Засгийн газрын энгийн бондыг 26.7 тэрбум төгрөгөөр арилжлаа.

ТОР-20 индекс 20771.39 нэгжид хүрч, өмнөх долоо хоногоос 13.36 нэгжээр буюу 0.06 хувь өссөн байна.  Индексийн сагсад багтах  Говь /4.2 хувь/, Баянгол ЗБ /4.2 хувь/, Талх Чихэр /3.5 хувь/, АПУ /3.5 хувь/, Улаанбаатар ЗБ /2.7 хувь/,  БиДиСек /2.5 хувь/, Монгол шилтгээн /1.9 хувь/ зэрэг  компанийн үнэт цаасны ханш  өссөн нь индексийн өсөлтөд нөлөөлсөн байна.

Зах зээлийн нийт үнэлгээ 23.4 тэрбум  төгрөгөөр буюу 1.09 хувь буурч, хоёр их наяд 122.4 тэрбум төгрөг болсон байна. Ханш нь хамгийн их өссөн үнэт цаасны тоонд  Хэрэглээ импекс /32.2 хувь/,  Монноос /15.0 хувь/,  Хар хорин  /14.8 хувь/ ханш нь хамгийн их буурсан үнэт цаасны тоонд  Гутал /20.3 хувь/,  Ганхэрлэн /14.9 хувь/, Материал импекс /13.0 хувь/ зэрэг ХК-иудын үнэт цаас орж байна.

Нийт 52 үнэт цаас арилжигдсанаас 17 үнэт цаасны ханш өсч, 25 үнэт цаасны ханш буурч, 10 үнэт цаасны ханш тогтмол байлаа. Тоо ширхгээр хамгийн олон ширхэг арилжигдсан үнэт цаасанд  Ремикон /2.0 сая ширхэг/,  Хай би ойл /251.1 мянган ширхэг/, Силикат /247.8 мянган ширхэг/ компанийн үнэт цаас орж байна. Үнийн дүнгээр Ремикон /283.3 сая төгрөг/, Багануур /234.9 сая төгрөг/,  Монгол шилтгээн /87.6 сая төгрөг/ компанийн үнэт цаас  арилжигдсан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж