АН-ын генсек АЗХ-ны гишүүдтэй уулзжээ

Хуучирсан мэдээ: 2011.08.19-нд нийтлэгдсэн

АН-ын генсек АЗХ-ны гишүүдтэй уулзжээ

Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан Залуучуудын Холбооны Удирдлагын зөвлөл өчигдөр хуралдсан байна. Тус хуралд АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат урилгаар оролцож, АЗХ-ны Удирдлагын зөвлөлийн гишүүдтэй намын  бодлого, үйл ажиллагааны талаар харилцан санал солилцжээ. Уулзалтын үеэр тэрбээр Ардчилсан намын залуучууд зөвхөн итгэл үнэмшил, үнэт зүйлээрээ нэгдсэн байдагт нь бахархаж явдгаа илэрхийлээд намаас залуучуудын талаар баримтлах бодлого, зорилтын талаар мэдээлэл хийж, АН-аас зарласан “Монгол хүн-2020” хөтөлбөрийн үндсэн чиглэлд залуучуудын санал бодлыг тусгах, үүний тулд АЗХ-оос зарласан “Монгол залуу хүн-2020” хөгжлийн хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэх шаардлагатай байгааг онцлоод АЗХ-ны бодлого,  үйл ажиллагааг бүхий л талаар дэмжин ажиллахаа амалсан байна. Мөн 2012 оны бүх шатны сонгуульд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх болон намын боловсон хүчний бодлогын чиглэлээр намынхаа залуучуудын байгууллагатай хамтран ажиллахаар болжээ.

Харин АЗХ-ны ерөнхийлөгч Б.Болор  “АЗХ-оос зарласан “Монгол залуу хүн-2020” хөгжлийн хөтөлбөр нь Монголын залуучуудын хөгжлийг шинэ шатанд хүргэх маш чухал бодлого болох учир АН-ын бодлого, үйл ажиллагаа болон намын “Монгол хүн-2020” хөтөлбөртэй уялдуулж хэрэгжүүлсэнээр бид 2020 он гэхэд  мэдлэг боловсролтой, ажилтай орлоготой, өрсөлдөх чадвартай, баялаг бүтээгч, ёс суртахуунтай, хариуцлагатай, улс орны хөгжлийг тодорхойлогч, дэлхийн хөгжилд бодит хувь нэмрээ оруулагч, шударга, авлигагүй, эрх чөлөөт нийгэмд амьдрах монгол залуучуудыг бий болгож чадах юм. Иймээс энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлж буй энэ цаг үед АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга манай АЗХ-ны Удирдлагын зөвлөлийн гишүүдтэй санал бодлоо солилцож байгаа нь ихээхэн чухал арга хэмжээ боллоо” гэжээ.

АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат болон АЗХ-ны Удирдлагын зөвлөлийн гишүүд оролцсон энэхүү уулзалт нь намын зүгээс залуучуудын талаар, намынхаа залуучуудын байгууллагын талаар баримтлах бодлого, үйл ажиллагааг шинэ шатанд хүргэхэд чухал түлхэц өгсөн үр дүнтэй уулзалт болж, өндөрлөсөн байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж